-Хялбарчлах, товчлох дон хүүхдийн оюуныг бөхөөж байна-
Монголд сүүлийн үед “Улс орны хөгжил хурдасч, цаг хугацааны үнэ цэн нэмэгдэж байна” гэсэн тайлбартайгаар ирээдүй хойч үедээ өгөх мэдлэгийг аль болох хялбарчлах, товчлох моод дэлгэрээд байгааг бид бүгд мэднэ. Сурах бичгүүдэд авагдсан жишээ, сонгож оруулсан шүлэг нь хүртэл санаанд хүрэхгүй, нэг л “ядарсан” байдаг болоод удаж буй. Уран зохиолын сурах бичигт орсон зохиолуудыг уншаад үзэхээр өмнө нь заалгаж байсантай таарахгүй, засварлаж, багасгасан байх нь ч тааралдана. Мэдээж, сурах бичигийн чанар ингэж муудаж байгаа юм чинь хүүхдийн ном ч мөн ижил байх нь аргагүй. Хүүхдэд зориулсан номнууд хэвлэгдэх нь эрс нэмэгдсэн ч санаанд хүрэх нь цөөн болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. “Лусын дагина”, “Үзэсгэлэнт бүсгүй ба долоон одой” зэрэг сонгодог үлгэрүүдийг 150-200 үгэнд багтааж, зарим үйл явдлыг нь ор мөргүй хассан, “Тэр тэгжээ, энэ ингэжээ, тэгэнгүүт нь тэр тэгээд амар сайхандаа жаргажээ” гэх мэт даржин найруулгатай ном гэж хэлэхэд хэцүү эрээн цаасаар дэлгүүрийн лангууг дүүргэсээр байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Үлгэр, хүүхдийн уран зохиолын мөн чанар нь хүүхдийн сэтгэлгээ, төсөөллийг хөгжүүлж, ухаарал, мэдлэг өгөхөд оршдог. Гэвч одоо гадуур зарагдаж байгаа “авторгүй” номууд энэ үүргээ биелүүлэхэд үнэн хэцүү байдалтай байгааг мэргэжлийн зохиолчид ч шүүмжилдэг.
Энэ эгзэгтэй цаг үеийг гярхай мэдэрч, хүүхдийн уран зохиолд өөрийн хувь нэмрээ оруулья, чанаржуулья хэмээн зорьсон уран бүтээлч, компани ч цөөнгүй байгааг бас хүлээн зөвшөөрөх ёстой. "Непко кидс" компанийг энд дурдаж болно.
Тус компаниас гаргасан номууд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, монгол хүүхэд бүрийн эзэмшвэл зохих мэдлэгийн хүрээг хамарсан байдлаараа бусдаас арай л өөр болж, үлгэр жишээ болж буй.
Гэсэн ч жирийн хүн уншаад "Би илүү дээр юм бичих юм байна" гэсэн сэтгэгдэл төрөх ёсгүй л байлтай.
Дэлхий уужим юм болохоор өдөр бүр л ямар нэг тэмдэглэлт өдөр тохиодог болж. Гурав, дөрөвдүгээр сард жишээ нь, “Дэлхийн мэдээлэл хадгалах өдөр” /World Backup Day/, “Олон улсын инээдмийн өдөр”, “Аутизмын эсрэг дэлхийн өдөр”, “Дэлхийн хархны өдөр” /World rat day/, “Минийн аюул, түүнтэй холбоотой үйлсэд туслах олон улсын өдөр” гэх мэт олон тэмдэглэлт өдөр болдог. Иймэрхүү өдрүүдийг манайхан тэмдэглэхээсээ тэмдэглэхгүй нь их. Энэ нь нэг талаараа заавал өдөр гэж онцгойлон тэмдэглэх хэрэгцээ шаардлага байдаггүйтэй холбоотой байх л даа. Тэгвэл дөрөвдүгээр сарын 2-нд болдог “Дэлхийн хүүхдийн номын өдөр” тэдгээр “Шаардлагагүй” баяруудаас өөр. Монгол хүүхдүүд оюуны хоосролд орж эхэлсэн, мэдлэг, ухааны цар хүрээ нь хүүхдийн зохиолтойгоо адил товчлогдож, танагдаж, хасагдсан энэ үед хамгийн хэрэгтэй, ач холбогдол өгч тэмдэглэх ёстой баяр мөн.
Юу хэлэх гээд байна вэ гэхээр, хамгийн ашигтай бизнес болох хүүхдэд зориулсан уран бүтээлийн зах зээлд манай уран бүтээлчдийн орон зай байгааг сануулах гэснийх юм. “Ерөнхий сайдын багцаас санхүүжүүлсэн” хэмээн бөөн хэл ам болж байсан “Бумбардай аргалд явсан нь” зурагт ном тээр жил Японы Олон улсын зурган номны уралдаанаас /International Manga Award/ алтан медаль хүртэж, монгол уран бүтээлчид, монгол хүүхэлдэйн баатар олон улсад танигдах эхлэлийг тавьсан. Төрөөс дэмжээд, урамшуулаад өгвөл монгол уран бүтээлчид дэлхийд үнэлэгдэх боломжтой гэдгийг энэ явдал харуулсан гэж болно.
Тиймээс орхигдоод байгаа энэ салбарт анхаарлаа хандуулж, нэг удаа дэмжих биш, олон жил үргэлжлэх бүтээлч санаачлага гаргаасай гэж холбогдох байгууллагуудад уриалъя. Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал байдгийг бодолцоод, Монголынхоо өнөөгийн нөхцөл байдал, шаардлагыг тооцож үзээд холбогдох байгууллагаас боломжийн хэмжээний шагналтай хүүхдийн уран зохиол, зурган ном шалгаруулах уралдаан зохион байгуулж, түүнийгээ “Дэлхийн хүүхдийн номны өдөр”-өөр дүгнэж болно. Мөн уг уралдаанаар шалгарсан шилдэг бүтээлүүдийн хэвлэлтийн зардлыг даах зэрэг ажлуудыг хийх нь хий хоосон мөнгө үрсэн хэрэг биш гэдгийг “Бумбардай”-н жишээ харуулсан. Эцэг эхчүүд хүүхдүүдэдээ чанартай, сайн уран бүтээл уншуулахыг хүсдэг, энэ нь хэвлэлийн компаниудад ашиг авчирна. Үр дүнд нь монгол хүүхэд зөв хүмүүжилтэй, сэтгэлгээ сайтай иргэн болж төлөвшинө.
Харри Поттерыг бичсэн эмэгтэй хичнээн баяжсан билээ. Хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан бизнест эргэлдэж байгаа их мөнгөнөөс бид хүртэх л ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна