Говь-Алтай аймаг. Хөдөлмөрч, дайчин ард иргэдтэй, хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх боломж, бололцоо дүүрэн нутаг. Оюун ухаантнуудын өлгий. Гэвч дарга нарынхаа хууль бус үйлдлээс болж, хөгжил дорой аймгийн тоонд оржээ.
Дарга нар нь дураараа авирлаж, иргэдийнхээ заяагдмал эрхийг байнга зөрчдөг учраас Говь Алтай аймаг өнөөдөр “Засаглал сул гэдэг” гэдэг шалтгаанаар “Өрсөлдөх чадварын индекс”-ийн сүүлийг мушгиж явна.
Сайн засаглал гэдэг нь үндсэндээ
1. Хуулийн хэрэгжилт
2. Дарга, эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдал
3. Ашиг сонирхлын зөрчилтэй, алдаа гаргасан дарга нарт хариуцлага тооцох чадамж гурвыг хэлдэг.
Тэгвэл Говь Алтай аймагт сүүлийн жилүүдэд энэ гурван үзүүлэлт гурвуул алдагдаж, хөгжих боломжоо алдаж байгааг тодорхой жишээтэйгээр хүргэж байна.
Тендерийн “ХААН”, чанарын баталгаагүй бетон зуурмагийн үйлдвэрийн “НУУЦ НОЁН” Засаг дарга Г.Чинбат
Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулах болсон. Энэ нь барилгын чанар, бат бөх байдлыг өөрийн эрхгүй анхаарахад хүргэж буй. Тэгвэл Говь Алтай аймаг баригдаж байгаа барилга байгууламжууд Баарангийн даваа гэх газраас хууль бусаар олборлосон хайргаар байшин барилгаа барьсаар уджээ.
Хамгийн ноцтой нь, чанарын баталгаагүй хайргаар бетон зуурмаг үйлдвэрлэдэг үйлдвэр нь Говь Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын эхнэрийн 100 хувийн эзэмшлийн “Аксу Алтай” гэх компани гэдэг мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм.
Өнгөрсөн сарын 30-нд болсон аймгийн ИТХ-ын элжит хуралдааны үеэр эл асуудал хөндөгдөхөд Г.Чинбат дарга “Манай үйлдвэр сүүлийн жил гаруй хугацаанд ажиллаагүй” гэж хэлсэн байдаг. Мөн 2024 он гарсаар хайрга дайрганы олборлолт хийгдэж, татвар тушаасан зүйл байхгүй гэдгийг Тамгын газрын дарга Ш.Эрдэнэат хэлсэн байдаг юм.
Харин бид энэ сарын 25-ны өдөр “Аксу Алтай” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрт очиход үйлдвэр хэвийн ажиллаж байсан юм.
Бид энэ асуудлаар Г.Чинбат даргаас өөрөөс нь тодруулсан ч тэрбээр хариулахаас эрс татгалзсан.
Гэхдээ тусгай зөвшөөрөлгүй газраас чанарын баталгаагүй хайргыг хууль бусаар олборлосон хайрга барилгад ашиглагддаг гэдгийг ИТХ-ын дарга Д.Даваадорж хүлээн зөвшөөрсөн.
Говь-Алтай аймагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар бий. Гэвч зөвшөөрөлгүй, татваргүй газраас авч, хэдэн халтар төгрөгийн төлөө ард иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа юм.
Барьсан барилгаа өөрөө шалгаж төрд “шахдаг“ Доржсүрэнгийн Алтанзагас
2020 оны сонгуульд ялсан Ардчилсан нам Говь Алтайд “Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульт ажил эрхлэхийг хориглодог” хуулийг “гууль” болгожээ. Тодруулбал, Иргэдийн хурлын төлөөлөгч нь “Түр орлон гүйцэтгэгч” гэдэг тодотголтойгоор ажлаа хийдэг гаж жишиг тогтоосон байна. Үүний тод жишээ бол Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, “Буман хаус” ХХК-ийг үүсгэн байгуулагч Доржсүрэнгийн Алтанзагас юм.
2016 онд Аймгийн ИТХ-д сонгогдсон энэ хүн 2020 онд барилгын засвар үйлчилгээний чиглэлийн “Буман хаус” компанийг үүсгэн байгуулж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга болжээ. Төрийн албаа дээр хэлсэнчлэн, Түр орлон гүйцэтгэгч гэдэг халхавчаар авч үлдсэн тэрбээр компаниа ч бусдад шилжүүлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан “Буман хаус” ХХК өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Аймгаас 5.7 тэрбум төгрөгийн тендерийг авчээ.
ИТХ төсөв баталдаг бол төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтад захиалагчийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тавьдаг. Тодруулбал, Д.Алтанзагас нь төсвөө өөрөө баталж, тендерээ өөрийн үүсгэн байгуулсан компаниар гүйцэтгүүлж, өөрөө төрийн нэрийн өмнөөс шалгаж хүлээж авах боломжтой байсан гэсэн үг юм.
Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн газрын даргын албыг "Түр орлон гүйцэтгэгч" гэдэг сэтгдавхар хашиж байгаа олон хүн байгаа бөгөөд тэд Д.Алтанзагасын жишгээр төр, бизнесийг хослуулж, төсвийн хөрөнгөн дээр дураараа дургиж байх магадлал өндөр юм.
Ажлаа хийж чадахгүй, удирдсан байгууллагаа дампууруулсан ч Иргэдийг төлөөлөх эрх авсан Э.Энхболд
Говь Алтай аймгийн өрсөлдөх чадварыг бууруулж, засаглалыг сулруулж байгаа хамгийн том хүчин зүйл нь хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнуудтай хариуцлага тооцдоггүй, харин ч улам дээш нь дэвшүүлэн залдаг явдал юм.
Үүний нэг жишээ нь, аймгийн усан хангамжийг хариуцдаг “Ундарга Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан Э.Энхболд.
Говь-Алтай аймгийн төв Алтай хотынхоо усан хангамжийг Тайширын усан цахилгаан станц дээр үүсгэсэн Гэгээн нуураас хангадаг.
Тэгвэл Э.Энхболдыг "Ундарга Алтай" ААТҮГ-ыг удирдаж байх үед нуураас татсан хэрэглээний усыг ариутган цэвэршүүлэх байгууламж нь мэргэжлийн химичгүй ажиллаж иржээ. Өөрөөр хэлбэл, Есөнбулаг сум буюу Алтай хотын орон сууцны иргэд чанарын баталгаагүй ус хэрэглэдэг байсан гэсэн үг. Энэ бол иргэдийн эрүүл мэндтэй холбоотой маш ноцтой мэдээлэл учир өөрөөс нь тодруулсан боловч тэрбээр мөн л хариулт өгсөнгүй. Гэтэл ийм хүнийг сайн ажилласан гээд Иргэдийг төлөөлүүлэхээр нэр дэвшүүлж байх юм.
Хуулийг хэрэгжүүлдэггүй аргалдаг, "гууль" болгодог, албан тушаалыг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх хэрэгсэл болгодог, хэвлэл мэдээлэл буюу ард иргэдэд тайлбар өгөх болохоороо зайлж бултдаг мөртлөө иргэдийг төлөөлнө гэж явж байгаа ийм амин хувиа хичээгсдээс болж Говь-Алтай аймаг хөгжих боломжоо, ард иргэд амьдралаа сайжруулах боломжоо алдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.79.157.209
Hudlaa medeelel bna chinbat darga ch ashig sonirholiin zorchilgui ymand shundaggui mash hariutslagatai udirdagch manlailagch altain ard tvmen medej baigaa
Хариулах59.153.114.82
Нөгөө дарга нарын хэсэг нь их-д гишүүн болоод наасаан орон нутаг аймгуудын нийтлэг зураг байх оо нам дагавал ам тостоно гэж одоо цагт бодит болсон юм шиг
Хариулах66.181.161.51
Аймшигтай
Хариулах