Хөгжилд хөтлөх инженер

Х.Есү
2024/10/04

Хүн тэвдэж, сандарч явахад нөмөрлөөд өмгөөлөх хүнтэй байна гэдэг сайхан хэрэг. Тийм ч учраас монголчууд тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр хэмээн онож хэлжээ. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд “Нэхмэлийн шар”-ын дахин төлөвлөлтийн цаана 500 гаруй айлын эрх ашиг хөндөгдөж, бүтээн байгуулалтын ажил зогсож мэдэх эрсдэл үүсээд байхад Г.Батсайхан иргэдээ өмгөөлж, нөмөрлөсөн юм.

Г.Батсайхан энэ болгоныг сүр бараа болгож үл ярина. Зарчмаа барьсан, үүргээ гүйцэтгэсэн гэсэн даруухан хэдэн үг унагана. Гэхдээ асуудлыг дэлгэрүүлж судлаад үзэхэд байр сууриндаа бат зогсож, иргэдийн дуу хоолой болж тэмцсэн дүр зургууд тод томруун харагдана лээ.

Жишээ нь би 15 дугаар хорооны иргэн. Төв цэнгэлдэхийн нэг буланд цэцэрлэг барих газар авах гэж шүүхээр багагүй маргаан өрнөснийг мэдэх юм. Одоо уг хэсэгт хоёр давхар цэцэрлэг, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ төвлөрсөн хорооны байр ашиглалтад орж гар амар, сэтгэл тэнэгэр байна. Мөн 130 дугаар сургуулийн урд 20 гаруй давхар орон сууц барих нь ээ гэж хэсэг шуугьсан. Өдгөө энд сургуулийн биеийн тамирын иж бүрэн цогцолбор босож байна.

Энэ болгоны ард Г.Батсайхан иргэдийн эрх ашгийг төлөөлж, заримтай нь муудалцаж, учирлаж, шүүхдэлцэж, арга ухаан зарж зүтгэсээр өнөөгийн боломжийг иргэддээ авчирчээ.

Гэхдээ түүний уг үйлдлүүдээр нь хувийн хэвшилд халтай хэмээн дүгнэвэл өрөөсгөл болно. Тэрбээр ямар ч асуудал дээр очсон эхлээд учир байдлыг сонсож, ярилцаж, ойлголцохыг эрмэлздэг дадалтай. Холбооны бүгд найрамдах Герман улсад барилга хот төлөвлөлтийн инженер мэргэжил эзэмшсэн түүний хувьд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламжийн чанар стандартыг хөнгөхөн хянах нь тийм ч төвөгтэй биш.

Тийм ч учраас стандартын дагуу чанартай гүйцэтгэл хийж яваа компаниуд түүнийг ирэхэд додигор угтана.

Харин өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж хугацаа алдаж, асуудал үүсгэсэн компанийн нөхөд хулхи нь буусан аятай тосно.

Г.Батсайханы аав төр, нийгмийн зүтгэлтэн хүн. Монгол Улсын гавьяат эдийн засагч Ч.Гомбосүрэн гэхэд хуучны хөгшид андахгүй дээ. Мөн түүний ээж Ц.Гунгаа олон сайхан шавь төрүүлсэн багш билээ. Г.Батсайхан “Аав маань бүх ажил цаг нартай байх ёстой. Төлөвлөсөн ажлаа дуустал хий. Хойш тавьж, зугтаж болохгүй. Чадахгүй юм бол анхнаасаа битгий барьж ав гэж үлгэрлэдэг байсан.

Аавын энэ хандлага, үйлдэл, зарчим миний тархинд он удаан хугацаанд бараг л кодлогдчихсон” хэмээсэн.

Энэ ч үүднээс Г.Батсайхан дарга хүн бэрхшээлээс тойрч зугтах бус шийддэг байх ёстой гэсэн хатуу зарчимтай. Гэхдээ муйхарлаад зүтгээд байж болохгүй. Олон талын мэдээлэл, судалгаанд үндэслэж шийдвэр гаргахыг эрмэлздэг тухайгаа хэлсэн.

Тэрбээр энэ зарчмын дагуу өнгөрсөн найман жилд Хан-Уул дүүргийн хөгжлийн төлөө сэтгэл тавьж ажиллажээ. 2016 онд 160 мянган хүнтэй байсан дүүрэг одоо 300 мянга давсан. Өөрөөр хэлбэл, жил бүр 20 орчим мянган хүнээр ам бүлээ тэлж байсан гэсэн үг. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарын хүн амтай дүйх иргэн жил бүр шилжин ирсэн гэсэн харьцуулалтыг бас хэлж болно. Энэ их шилжилт хөдөлгөөнийг дагаад эрүүл мэнд, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлд том сорилттой тулгарах нь гарцаагүй. Тэгвэл өнгөрсөн долоон жилд 21 цэцэрлэг ашиглалтад орсон бол энэ онд дахин 12-оор нэмэгдэнэ. Мөн энэ жил ашиглалтад орох дөрвөн сургуулийг нэмснээр нийт 15 сургуулийн үүд хаалгыг нээжээ. Үүнээс гадна дүүргийн 18 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, тоглоомын талбай 90 дөхсөн зэрэг бүтээн байгуулалтын олон тоо баримтыг энд дурдах боломжтой.

Өнөөдөр Хан-Уул дүүрэг камержуулалтаар нийслэлд толгой цохиж байна. Жишээ нь нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөд хамгийн багадаа 70 гаруй удаа камерт өртөнө. Ийм хороонд тэнэг хүн л хулгай хийж, зөрчил гаргах биз ээ. Үүнээс гадна хүүхэд хамгааллын журмыг Монгол Улсын хэмжээнд анх удаа Хан-Уул дүүргийн ИТХ-аас гаргасан.

Гол агуулга нь хүүхдийг сургуулиас гараад гэртээ очих аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган ажиллахад чиглэгдсэн.

Энэ ч үүднээс “school police”-ын эрх үүргийн нэмж, зөвхөн гарц дээр зогсох бус олон талын оролцоог хангахаар төлөвлөжээ. Ирээдүй хамгаалагдсан цагт сэтгэл амар байх ажгуу.

Инженер, мэргэшсэн санхүүч Г.Батсайханы үйл хэрэг, үнэт зүйл, итгэл сэтгэлийг илтгэх жишээ үл дундран. Эцэст нь түүний “Би амьдралынхаа зорилгыг аль эрт тодорхойлсон. Тэр бол хүний төлөө ажиллах юм” хэмээх үгээр өндөрлөе.  Иргэнээ дээдэлж, мэргэжилдээ эзэн болж, мэдлэг оюуныг үнэлж, үүргээ ухамсарласан хүнээс их үйлс ундарсаар байх нь гарцаагүй билээ. Хурай хурай хурай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.212
    2024/10/05

    Ийм туршлагатай бага ярьж их хийдэг залуусаа орон нутгийн сонгуулиар гаргамаар байгаа юм даа

    Хариулах