Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Хайгуул, геологийг шинэ түвшинд гаргах, олборлолтоос боловсруулалтын түвшинд хүргэх, 14 мега төслийг хэрэгжүүлэн эдийн засгаа өсгөхөөр ажиллана” хэмээв.
Тэрбээр, илтгэлдээ Монгол Улсад 2012 он эргэн ирж байна гэдгийг онцлов. Тодруулбал, 2012 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэнээр Майнинг бүүм болж олон улсын хөрөнгө оруулагчдын эгнээ цуварч эхэлсэн гайхалтай он жил байсныг тэмдэглэв. Тиймд бид 2012 оны их тэсрэлтийг эргэн авчирч, хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдлыг хадгалахын тулд Монгол Улс маш том шийдвэр гаргаж, бодлогын тогтвортой байдлыг бий болгох 126 парламентын гишүүн бүхий танхимтай болсныг дурдав.
Мөн эрчимтэй хөгжлийн шинэ 30 жил эхэлж байгаа бөгөөд засаглалын ил тод харилцааг бий болгож, урт хугацаанд эдийн засгийн ач холбогдлыг бий болгоно хэмээв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын, ашигт малтмалын эрх зүйн орчныг тогтвортой болгож, олон шат дамжлагыг үгүй хийнэ. Тиймд дэд бүтэц, эрх зүйн тогтвортой байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана гэв.
Монгол Улс уул уурхайн салбартаа эрдэс баялгийн хайгуул, геологийн ажиллагааг олон улсын стандартад нийцүүлж, лицензийн нээлттэй байдлыг бий болгоно. Манай улсын дийлэнх судалгаа 1990-ээд оны дата өгөгдөл дээр явагддаг. Тиймд Засгийн газрын зүгээс судалгаа, хайгуулын ажилд анхаарал хандуулж, олон улсын стандартад нийцсэн өгөгдөл рүү шилжүүлэхээр хувийн хэвшлүүдтэйгээ хамтран ажиллана.
Дэвшилтэт технологийг ашиглах, инновац нэвтрүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд онцгой анхаарч, байгаль орчиндоо хор хөнөөлтэй биш тогтвортой эдийн засгийг би болгож, зөвхөн олборлолт хийхээр хязгаарлагдахгүй борлуулалт хийх түвшинд хүргэж нийт иргэдийнхээ дэмжлэгийг авах боломжтойг илэрхийлэв.
Бүсийн интеграцийг бий болгож, эрх зүйн орчныг шинэчлэл хийхээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан, энэ хүрээнд Францын Засгийн газартай хамтарсан Ураны төсөл гэх мэтчилэн төслүүд дээр ажиллаж байгаагаа тэмдэглэв. Хайгуул, геологийг шинэ түвшинд гаргах, олборлолтоос боловсруулалтын түвшинд хүргэх, 14 мега төслийг хэрэгжүүлэн эдийн засгаа өсгөхөөр ажиллана гэдгээ илэрхийлэв.
Харилцан ашигтай хамтын ажиллагааг, урт хугацаанд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, та бидний хамтын ажиллагаа дараагийн 30 жилийн амжилтын эх байна гэдэг итгэлтэй байна хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна