Эхлээд Украин-ОХУ, дараа нь Израиль-Палестин... Одоо БНСУ-Хойд Солонгос?

Х.Батсайхан
2024/10/17

БНСУ-тай холбогддог хоёр авто замаа Хойд Солонгосын эрх баригчид уржигдар дэлбэлжээ. Хоёр замын нэг нь Хойд Солонгосын Кэсоныг БНСУ-ын Пханжутай холбодог бол нөгөө нь Тонхэгээс Япон тэнгисийн эрэг дагуу чиглэлтэй аж. Хариуд нь БНСУ-ын тал Цэрэггүй бүс рүү гал нээжээ. Сөүлийн албан ёсны мэдэгдэлд өгүүлснээр, АНУ "Тохиолдлын чанартай болзошгүй мөргөлдөөнөөс зайлсхийх" чиглэл өгсөн тул илүү үйлдэл хийгээгүй гэнэ. 

БНАСАУ энэ сарын эхээр газар нутгаа өмнөд хөршөөсөө бүхэлд нь тусгаарлана гэж мэдэгдсэнээ ийнхүү үйлдлээр баталгаажууллаа. Хоёр улс хоорондоо авто зам болон төмөр замаар холбогддог бөгөөд энэ нь хамтын ажиллагаа хөгжихийн бэлгэ тэмдэг гэж тооцогддог байсан. Харин одоо энэ бэлгэ тэмдгээ устгаж байгаа нь харилцаа маш хурцадсаны шинж гэдгийг шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь хоёр улсын хооронд үл ойлголцол гарах тохиолдол байсан ч энэ удаагийнх шиг харилцааны бэлгэ тэмдгээ устгах хэмжээнд очиж байгаагүй юм.   

   Гэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2023 онд БНСУ-ын талаар ярихдаа "Дайсан улс" гэсэн тодорхойлолт ашигласан бөгөөд дараа нь сая дэлбэлдэг замуудынхаа гэрлүүдийг буулгаад байжээ. 

БНСУ нь дрон ашиглан Хойд Солонгосын нутаг дэвсгэрт гурван удаагийн үйлдлээр олон тооны ухуулгын хуудас хаясан үйлдэл гаргасны дараа буюу энэ сарын 11-ний өдөр Пеньян Сөүлийг албан ёсоор буруутгаж, маргааш нь Ким Жон Уны эгч Ким Ё Жон "Дахиад дрон ашигласан үйлдлээ давтвал "Аймшигтай үр дагавар амсана шүү" гэж мэдэгдэл гаргасан аж. Харин 15-нд нь ийнхүү зам дэлбэлжээ.  
Хоёр улсын харилцаа ийнхүү муудсан нь геополитикийн хэлж ярьдаг нэгэн шийдвэрлэх үйл явдал дөхсөний шинж байж магадгүй гэсэн таамгийг хэвлэлүүд нэлээд бичиж байна. Тодруулбал, АНУ нь Японоор БНХАУ-ыг, БНСУ-аар Хойд Солонгосыг, Израилаар Арабын улсуудыг даруулахын тулд хөгжүүлж, эдийн засгийг нь хөгжүүлсэн бөгөөд хэрэг нь гарахад уяанаас нь суллаж, зорилгодоо ашиглана гэдэг таамаг хэрэгжих нь үү гэсэн болгоомжлол байна. 

Өдгөө Израиль улс Палестинтай дайтаж, Ливан улс татагдан орсон гэж хэлэхэд болохоор нөхцөл байдалтай, Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху Ливанаас энхийг сахиулагчидаа гаргахыг НҮБ-аас ил цагаан шаардаж буй. Иран мөн Израиль руу пуужин харвасан. Ойрын үед АНУ Тхаад гэх хүчирхэг зэвсгээр тоноглосон Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг Израильд өгч байгаа гэсэн мэдээлэл гарсан. Япон улс өөрийгөө зэвсэглэж байгаа. Дээр нь хоёр Солонгос харилцаагаа хурцатгалаа. Энэ нь Украин, ОХУ-ын дайн шийдвэрлэх үедээ орсны шинж бөгөөд системийн дайны шинжийг олох дараагийн шат руугаа орж байгаагийн шинж гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна