УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Одоо эхний хэлэлцүүлгийн асуулт, хариултын хэсэг явж байна. Г.Тэмүүлэн гишүүн энэ үеэр "Түүхэндээ байгаагүй өндөр төсөв батлах гэж байна. Орлогоо хэрхэн төлөвлөсөн бэ. Хэт өөдрөг төсөөлсөн юм биш үү. Тасрах юм биш биз" гэж асуусан.
Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД н.Батхүү "Эдийн засгийн хөгжлийн яамнаас ирэх жил эдийн засгийн өсөлтийг найман хувиар тооцсон. Өөрөөр хэлбэл 95 их наядад хүрнэ.
ОУВС 6.5 хувь гэж байсан бол 7.0 болгож нэмсэн. Өмнө нь ингэж өндрөөр төсөөлж байгаагүй. Гүний уурхай ашиглалтад орсноор хэмжээ, агууламж нэмэгдэнэ. Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмж байгаа. Хөдөө аж, ахуйн салбар өснө. Аялал жуулчлалыг дэмжих бодлого гурван жил явсан, энэ жил үргэлжлүүлэн өснө. Нүүрс дээр 105 гэсэн нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 107-120 ам.доллар гэснээс бага байна" гэж хариулав.
Үргэлжлүүлээд Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн таван жилийн динамикийг харах юм бол өсөлт 35 хувь байсан. Ирэх жил бол энэ жилээс 17 хувиар өсөж байна. Аливаа төсвийг төлөвлөхдөө хуулийн дагуу төлөвлөдөг.
Манай төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол бүтээгдэхүүний зах зээлийн болон тэнцвэржүүлсэн үнийн аль багаар нь аваад, хэтэрвэл тогтворжуулалтын санд хийгээд, доош орвол тэндээсээ авч хаагаад явдаг.
Зардлын өсөлтийн хувьд, 3.5 их наяд төгрөг байгаа. Түүний 2.5 хувь буюу 70 хувь нь дангаараа статистик өсөлт, инфляци, тарифын өсөлтөөс шууд гарч ирж байгаа. Үлдсэн 30 хувь нь одоо батлагдаж байгаа салбар, салбарын хууль тогтоомжийн хүрээнд 595 тэрбум төгрөг, "Цагаан алт", "Тэрбум мод", "Хүнсний хувьсгал" зэрэг хөтөлбөрүүд дээр 457 тэрбум төгрөг гээд маш тодорхой гурван ангиллаар 3.5 их наяд төгрөгийн зардал нэмэгдэж байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна