Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж өндөрлөсөн талаар бид мэдээлсэн билээ.
Мэдээлэлдээ тус хурлаас:
-Цөлжилт, ган гачигтай тэмцэх асуудлаар гаргах шийдвэрт нутгийн уугуул иргэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх
-Мөн салбарт гарч буй хууль, эрхзүйн орчныг бий болгоход шинжлэх ухаанчаар хандах, үүний тулд шинжлэх ухаан, хууль эрхзүйн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг үргэлжлүүлэх
-Цөлжилт, ган гачигтай тэмцэх ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн шийдэл гарч, талууд хэрэгжүүлж ажиллахаа амалсан.
Тэгвэл дээрхээс гадна мөнгө, санхүүтэй холбоотой нэг чухал шийдвэр гарсан нь цөлжилтөд ихээр нэрдэгдэж, байгаль орчин, биологийн олон янз байдал нь эрсдэлд орж буй улс орнуудад 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон явдал юм.
Санаачлагатай байж гэмээ нь манай улс ч санхүүжилт олж, хэмжээг нь нэмэгдүүлж болох энэ эх үүсвэртэй холбоотой мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.
Цөлжилтийг бууруулах зорилтыг хангахад зургаан жил, 2.6 их наяд ам.доллар шаардлагатай
Цөлжилтийг сааруулах, нэгэнт өртсөн, өртөж эхэлж буй газруудыг нөхөн сэргээх нь Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн улсуудын гол зорилго. НҮБ-ын гаргасан тооцооллоос үзвэл, 2030 он хүртэл зургаан жилийн дотор нэг тэрбум га газрыг нөхөн сэргээх шаардлагатай бөгөөд үүнд 2.6 их наяд ам.доллар хэрэгтэй аж. Тодруулбал, нэг га талбайг нөхөн сэргэхэд 2,600 ам.доллар хэрэгтэй бөгөөд ажил хэрэг болгохын тулд өдөр бүр нэг тэрбум ам.долларын санхүүжилт гаргана гэсэн үг. Гэхдээ эдийн засгийн нөөц боломж хязгаартай тул талууд энэ мөнгийг гаргах боломж одоогоор байхгүй. Гэсэн ч Эр Риядад болсон хурлын үеэр цөлжилт хэмээх гамшигт хамгийн ихээр өртөж байгаа 80 улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 12.15 тэрбум ам.долларыг босгож чаджээ.
Арабын зохицуулах бүлэг гэгдэх улсууд зохион байгуулалтад орж, цөлжилтөд өртсөн газар нутгийг сэргээхэд 10 тэрбум ам.доллар зарцуулахаа амалсан нь үүнд гол жин дарсан байна.
12.15 тэрбум ам.доллар юунд зарцуулагдах вэ
10 тэрбум ам.долларыг Арабын улс орнууд өөрсдөө гаргаж, өөрсдөдөө зарцуулах тул цаана нь үлдэж буй 2.15 тэрбум ам.доллар ямар, ямар төслүүдэд зарцуулагдахыг тоймлож хүргэе.
“Их ногоон хэрэм” хөтөлбөр- Африкийн 22 улс хамтран хэрэгжүүлэх Их ногоон хэрэм /Их цагаан хэрэм гэдэгтэй төстэй/ төслийг хэрэгжүүлэхэд 14.6 сая евро зарцуулна. Энэ санхүүжилтийн 11 сая еврог Итали, 3.6 саяыг нь Австрийн Засгийн газар санхүүжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд Сахелийн 100 сая га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөж буй.
Цөлжсөн хөрс, ган гачигт тэсвэртэй үр тарианы сорт гаргаж авах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах (VACS) төсөл- АНУ болон бусад нэр бүхий улсууд энэ чиглэлд 70 сая ам.доллар гаргана гэдгээ зарласан.
Арабын ногоон санаачилга-Саудын Араб санаачилгын хүрээнд таван шинэ төсөл зарлаж, 60 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн.
Элс, шороон шуурганы дэгдэлт, чиглэлийг хянах систем / International Sand and Dust Storm Monitoring Initiative / бий болгох- Мөн Саудын Араб улс хэрэгжүүлэхээ амласан. “СОР 16” бага хурлын үеэр нээлтээ хийсэн “Олон улсын ганд тэсвэртэй байдлын ажиглалтын төв”-ийг / International Drought Resilience Observatory / ч Саудын Араб улс / International Drought Resilience Alliance эвслийн гишүүний /2024 оны эхээр элсжээ/ хувиар санаачилж, хэрэгжүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна