МАН-ын Удирдах зөвлөл Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор АН-ын бүлэг завсарлага аваад байгаа билээ. Учир нь тус намын бүлэг МАН-ын Их хурлын дараа буюу Н.Учралыг УИХ-ын даргад дэвшүүлэх магадлал өндөр болсны дараа УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдсэн юм.
Өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаан ч яг энэ асуудлаас болоод 14.00 цаг хүртэл завсарлаад буй. Тодруулбал, Н.Учралыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж буй. Тэгвэл энэ асуудлаар Ардчилсан намын бүлгийн гишүүд дотоо санал зөрөлдөөнтэй байна.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин тэргүүтнүүд намын дарга хүн өөр ашиг сонирхолтой байдаг учраас намын дарга хүнийг УИХ-ын даргаар тавих нь зохимжгүй гэж үзэж байгаа бол Б.Пүрэвдорж зэрэг гишүүд намын дарга хүн УИХ-ын даргаар ажиллахад болохгүй зүйлгүй гэсэн байр суурь илэрхийлж байна.
Б.Пүрэвдорж гишүүнээс энэ талаар тодруулахад тэрбээр “Бидний сонгосон Сонгуулийн пропорциональ тогтолцооны үед аль нэг нам олонхын суудал авахад маш хэцүү болсон. Тэгэхээр цаашид УИХ-д олонх болж чадаагүй улс төрийн намууд эвсэл байгуулж, олон суудалтай намын дарга нь Засгийн газраа, цөөн суудалтай намын дарга нь УИХ-ын даргаа аваад явах магадлал өндөр. Хэрвээ УИХ-ын дарга нам бус байх хууль батлагдвал ийм хамтрал бий болоход сөргөөр нөлөөлнө” гэсэн байр суурь илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна