ОХУ-ын Сангийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Х.Батсайхан
1 цаг 34 минутын өмнө

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов нар Москва хотноо уулзалт хэлэлцээр хийлээ. Сайд нар уулзалт хэлэлцээрийн явцад төсөв боловсруулах, батлах үйл явцыг тоон технологид шилжүүлэх, санхүүгийн удирдлагад хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлдээ шинэ арга хэрэгслүүдийг ашиглах, харилцан сонирхсон бусад асуудлуудаар туршлагаа солилцох, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавих зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  


"ОХУ улсын санхүүгийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан. Хуваалцахад бэлэн байна. Энэ ажлыг хэд, хэдэн түнш орнуудтайгаа аль хэдийн эхлүүлсэн. Монгол Улстай хамтран ажиллахаа тэсэн ядан хүлээж байна" гэж Антон Силуанов хэлсэн байна.


Б.Жавхлан, А.Силуанов нар мөн Орос, Монголын засгийн газрын тэргүүнүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд худалдааг нэмэгдүүлэх, төлбөр тооцоог хялбарчлах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх таатай боломжийг харилцан бүрдүүлэх, хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих,  олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг зохицуулах зэрэг хоёр талын санхүүгийн харилцааны гол сэдвүүдийн талаар санал солилцлоо.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна