Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нар шүүх хурал болоогүй, тогтоол гараагүй байхад яагаад ташаа мэдээлэл өгөөд байгааг ойлгохгүй байна

Х.Есү
1 цаг 57 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны зүгээс Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг АТГ-т өгсөн гэсэн. Ямар учир шалтгааны улмаас өгч шалгуулж байгаа вэ?

-Ер нь Ж.Чинбүрэн сайдын хийж байгаа ажлуудыг дэмжиж ажиллаж байгаа. Би  эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ хавдрын эмнэлгийн даргыг чөлөөлөх тушаалыг гаргасан юм. Үүн дээр бол маш том ноцтой зөрчил гаргасан.

Тэр зөрчил гаргасны сацууд санхүүгийн зөрчлүүд хавдар судлалын үндэсний төв дээр илэрсэн. Тиймээс бид цаашдаа хавдар судлалын үндэсний төвийн оочер дугаар, чирэгдлийг буруулах тал дээр удирдлагыг солих зайлшгүй шаардлага байсан учраас ийм тушаал гаргасан.

Харин энэхүү тушаалтай холбоотой хавдар судлалын үндэсний төвийн дарга байсан Н.Эрдэнэхүү захирал шүүхэд хандсан юм билээ.  Шүүхэд хандсаных нь дагуу шүүхийн процесс явалгүйгээр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ангийн хүүхэд болох Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлийг 100 хувь хүлээн зөвшөөрсөн асуудал үүссэн байгаа юм.

Энэ бүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ хүнд үүссэн хохирлыг бүгдийг нь барагдуулахаар болж байгаа юм.

Тэгэхээр өнөөдөр жишээ нь үүнийг барагдуулахын тулд хавдар судлалын үндэсний төвөөс 19 сая төгрөгийг Н.Эрдэнэхүү захиралд өгсөн байгаа юм.

Нэгдүгээрт улсын эмнэлэг яагаад зөрчил гаргасан хүнийг ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр энэ төлбөрийг барагдуулах ёстой гэж тийм үү?

Иргэдэд хүргэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор баримттай нотолгоотой зүйл дээр гаргасан миний тушаал шийдвэрийг буруу байсан мэтээр ойлгуулж, үүнтэй 100 хувь эвлэрч нэхэмжлэлийг хүлээн авч байгаа нь улсыг төдийгүй намайг санхүүгийн асуудалд оруулж байгаа зүйл байхгүй юу.

Бүх нэхэмжлэлийг эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөхөөр эвлэрлийн асуудлыг шүүх захирамжаар баталгаажуулдаг. Ийм л зүйл болсон.

Тийм учраас энэ яалтчгүй Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа албан тушаалаа ашиглаж, анагаахын ангийнхаа хүүхдэд давуу байдал олгож, улсыг болон намайг хохиролд оруулсан асуудал үүссэн учраас би АТГ-т хандахаас өөр аргагүй болж байгаа юм.

Ямар нэгэн байдлаар хэрүүл маргааны асуудалд оролцохыг хүсэхгүй байгаа. Гэхдээ миний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас хандахаас өөр аргагүй болж байна.

Н.Эрдэнэхүү нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх хурал болж Т.Мөнхсайханы гаргасан тушаал шийдвэр хүчингүй болсон мэтээр миний нэр хүндэд халдсан мэдээлэл олон нийтэд түгээсэн. Тийм учраас би нэр хүндэд халдсан, буруу мэдээлэл олон нийтэд түгээсэн гэдгээр нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа.

Миний хувьд энэ хүмүүстэй ямар нэгэн хувийн өс хонзонгийн зүйл байхгүй. Аливаа ажлыг сайжруулах ёстой. Гаргасан алдаа дутагдал зөрчлийг аргилгах ёстой. Түүний тулд авах ёстой нэг арга хэмжээг л хууль номынх нь дагуу авсан. Тэр хүмүүс ямар байдлаар шүүх хурал болоогүй, шүүхийн тогтоол шийдвэр гараагүй бйахад олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгааг ойлгохгүй байна. Мөн эрүүл мэндийн сайд очоод энэ нэхэмжлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч улсын болон миний эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байгааг нь ойлгохгүй байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.55
    28 минутын өмнө

    Мөнхсайхан ийм мөнгөнд торохгүй өгч чадна Гэхдээ процесс нь эгдүүг нь хүргэж байж болзошгүй юм даа Но гаргавал хүн нь байгаа гарах л байх гэхдээ МС тийм хөгийн юм хийхгүй л болов уу

    Хариулах