"Тавантолгой түлш" ХХК бол "Утааг ялах" биш, сонгуульд ялах төсөл байсан...

Zuv.mn
5 цаг 51 минутын өмнө

-Засгийн газар 2018 онд шахмал түлшний биш, хагас коксын үйлдвэр эхлүүлж болох байсан-

Улаанбаатарын утаа олон нийтийн ярианы сэдэв болж, хүн бүр утаа хэмээх гамшгийг хараан зүхэж байна. Гэхдээ харамсалтай нь, хэчнээн харааж зүхлээ гээд утаа арилахгүй нь тодорхой. Хэрвээ буруутан хайх ёстой бол шахмал түлшний үйлдвэр барих шийдлийг л буруутгах ёстой юм.

Хагас коксын үйлдвэр барих боломж байсан ч ашиглаагүй

Үнэхээр, 2018 онд жаахан алсын хараатай удирдагч байсан бол шахмал түлш биш, хагас коксын үйлдвэр барих байсан юм. Хагас коксыг хийх нь технологийн хувьд их энгийн юм билээ.

Түүхий нүүрсийг битүү буюу вакуум орчин 750 градус хүртэл халаахад дэгдэмхий бодис нь өөрөө ууршиж гардаг. Давирхай гэж нэлээд байгаа түүхий эд ч ялгарч, жинхэнэ утаагүй түлш гэдэг нь үлддэг. Манайх химийн үйлдвэр барих боломжгүй, мөн ингэж гаргаж авсан түлш илчлэг өндөртэй тул зуухаа тохируулах гээд ажил хүлээгдэж байсан. Бүтээн байгуулалтын хугацаа нь ч яаж ч хичээгээд 2019 оны өвлөөс өмнө амжихааргүй байсан л даа. Гэсэн ч асуудлыг цогцоор нь шийдье гэсэн хүн авч үзэхээр л шийдэл байсан. Харамсалтай нь эрх баригчдад урт хугацааны шийдэл биш, сонгуулиас өмнө механикаар ч хамаагүй утааг багасгах, түүн дээр дөрөөлж сонгуульд ялах ганц л хүсэл байсан юм.


Эрх баригчдын хувьд Тавантолгой шахмал түлшний үйлдвэр нь зөвхөн утааг гаргах бус, ажлын байр бий болгож сонгуульд ялахад ашиглах бас ач холбогдолтой байсан. ТЭЗҮ батлагдаад, үйлдвэр баригдаад эхэлчихсэн явж байхад очиж танилцсан хэр нь тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Үйлдвэрээ аль болохоор гар ажиллагаатай, илүү олон хүнийг ажиллуулах байдлаар хийгээрэй” гэж байснаас энэ зорилго нь уншигддаг.

“Тавантолгой түлш” таван жилд Нүүрс-Химийн цогцолбор барих хэмжээний мөнгийг салхинд хийсгэжээ

“Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үйлдвэрийг барих шийдэл нь 2018 онд гарч, 2019 онд эхний үйлдвэрээ ашиглалтад оруулсан байдаг. Улмаар 2020 онд хоёр дахь үйлдвэрийг барьснаар хүчин чадал нь 600,000 тн/жил болж нэмэгдсэн. Хоёр үйлдвэрийг барьсан өртөг нийлээд их наядаар хэмжигдэнэ. Нэг үйлдвэр шатсаныг энд бас дурдах ёстой.

Дээр нь жил бүр төсвөөс авдаг татаас, одоо байгаа их наяд шахам төгрөгийн өр, 600 тэрбумын алдагдлыг тооцвол Нийслэлд байтугай нэмээд нэг хотдоо хагас коксын үйлдвэр барьчихаар их зарлагатай, асуудлаа шийдэх буюу хотыг утаагүй болгох зорилгоо биелүүлж чадаагүйг бодвол ямар ч алсын хараа биш, сонгуульд ялах ойрын хараатай л шийдвэр гарчихсан байж.

Энэ хооронд Нүүрс-химиэ байг гэхэд Нүүрс эрчим хүчний цогцолбор барих мөнгийг салхинд хийсгэж орхижээ. Энэ алдаа завхрал 14 мега төслийн нэг болох Багануур ҮТП Нүүрс химийн цогцолбор баригдаж байж л дуусна.

Замын түгжрэл, агаарын бохирдол зохиомол юм биш биз гэх хардлага

Сүүлийн хэд хоногт агаарын бохирдол, түгжрэл яав даа гэмээр их нэмэгдэж, үүнээс үүдэлтэй акц хөдөлгөөн өрнөн, тодорхой шийдвэр гараад байгаа билээ. Нийслэл байгалийн хийнд шилжинэ, түүнийгээ хийхийн тулд дэд бүтэц, тэр бүү хэл үйлдвэрээ өөрөө барина хэмээн ТЭЗҮ, зураг төсөв болоод явчихлаа. Нэгэнт ажлаа бүтээж авсан гэсэн шиг утаа, түгжрэл ч багасах нь тэр. Хэд хоногийн өмнө манай редакц руу нэгэн иргэн утас цохиж "Та нар хогийн цэгүүдээр яваач. Хог шатаагаад байна" хэмээн мэдээлэл өгч байсан, баруун дөрвөн зам, гэсэн сүмийн уулзвар дээр шалтгаангүй /Цагдаа зохицуулж байсан/ 15-20 минут  түгжирч зогссон санаанд орох шиг. Бас нэг шилжилт хийх нэрээр мөнгө төсөв зарлагдахаар боллоо.  

Үнэнийг хэлэхэд, байгалийн хий бол “Коммунизмыг давж харайх” гэдгийн үлгэр биз дээ. БНХАУ 1993 оноос хагас коксын үйлдвэрүүдийг байгуулж, саяхнаас л байгалийн хийнд шилжсэн. Нүүрснээс гардаг хий, давирхай нь хэрэгтэй ч хагас кокс нь дайвар бүтээгдэхүүн болчихоод хаашаа хийхээ мэдэхгүй болоод буй. Манайд нийлүүлэх гэж үзсэн нь ч ийм л шалтгаантай юм билээ.

Тиймээс бидний, бидний ч гэж дээ, дундаж болон дунджаас доогуур амьдралтай олонхийн хувьд дараагийн алхам бол хагас кокс, өөр юу ч биш. Нийслэлийн орлогч А.Амартүвшин тэргүүтнүүдийн яриад байгаа “Шахмал түлшинд өгдөг татаасыг байгалийн хийнд шилжүүлэх” шийдэл бол “Ядуусыг дэмждэг мөнгөө баячуудад өгмөөр байна аа” гэсэнтэй л ялгаагүй. Яагаад гэвэл байгалийн хий гэдэг чинь шахмал түлшнээс хэд дахин үнэтэй эд. Чадамжтай айлууд нь хэдийнэ хэрэглэж буй, хувийн хэвшил ямар ч оролцоогүй зохицуулж чадаж байгаа салбар юм. Одоо улсын үйлдвэр барьж, түүндээ татаас өгнө гэвэл хувийн хэвшлийн хэдэн компаниа дампууруулж авья гэж байгаатай ялгаагүй.

Дарга нар хожиж, ард түмэн л хохирдог буюу “Утаагүй түлш” гэх тархи угаалтаар хөлжигсөд

Одоо утаатай холбоотой яригдаж байгаа асуудалд өнөө маргаашдаа шийдэл байхгүй. Харин 2019 онд эрх баригчдын сурталчилж, түүнээс хойш үргэлжилж буй “Утаагүй түлш” гэдэг хэллэг бол хамгийн том тархи угаалт байсныг л баталж өглөө.

Утаа ихэссэний шалтгаан ч асуултгүй тодорхой л байгаа юм. Сонгуулийн өмнө буюу 2019 онд иргэдийнхээ гал түлэх эрхийг хязгаарлан барин 300,000 тонн түлш үйлдвэрлэж, үр дүнгээр нь сонгуульд ялсан. Санаж байгаа бол тэр жил цар тахал эхэлчихсэн, олон улс сонгуулиа хойшлуулсан байтал манайх тэгээгүй. Нэг жил хойшлуулчихвал утаагаа алдчих гээд байсан байж.

Тэр үед 300,000 тонн түлш шатаагаад 50 хувь бууруулсан, энэ жил 530 мянган тонныг үйлдвэрлэж борлуулахаар чинь утаа буцаад 50 хувь өснө, зөв л байна. Татаасаа их авах гэсэн л зорилготой.

Одоо эргээд харахад хэн хожив. Дарга нар л хожсон байна. “Утаагүй түлш” гэх тархи угаалт, “Утааг яллаа” гэх пи арыг явуулсан хүмүүс том дарга болсон байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байснаа Ерөнхийлөгч болсон. Нийслэлийн Засгийн үүрэг гүйцэтгэгч байсан Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга болсон. “Тавантолгой түлш”-ийг удирдаж байсан М.Ганбаатар дэд сайд хүртэл болсон. Харин ард иргэд бахь байдгаараа хульхидуулаад, утаан дотроо  амьдарч байна шүү дээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.