Л.Оюун-Эрдэнэ: “Баялгийн сан” бодитоор мөнгөжиж, иргэн бүрт 135,000 төгрөгийн хуримтлал үүслээ

Х.Батсайхан
12 цаг 37 минутын өмнө

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хурлаар  гурван асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд сайд нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлт хэр байгааг дүгнэлээ. 

Хоёрдугаарт, ТӨК-иудын ажлын үр дүн, үзүүлэлтийг арванхоёрдугаар сарын 20-ноор тасалж дүгнэлээ. 

Гуравдугаарт, нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар шинээр байгуулагдсан үндэсний хороо, төлөвлөгөөт ажлын талаар хэлэлцлээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувьтай, улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна. Экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрлээ. Цаашдаа бид нүүрсний экспортоо 100 сая тоннд хүргэхийн тулд боомтоо сайжруулах ёстой. 

Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжээд бодитоор мөнгөжиж эхэлсэн. Үндэсний баялгийн сан байгуулах, менежментийг тодорхой болгох хууль хэрэгжээд нэг жил болж байна. Тиймээс дүгнэх хугацаа байсан гэж болно. 

Дүгнэлтийг хийж үзээд "Баялгийн сан мөнгөжиж байгаа учраас менежментийг нь олон улсад гаргах нь зүйтэй" гэж үзлээ. 

Олон улсад "Чингис фаунд" нэрээр гарна. Одоогоор "Ирээдүйн өв сан"-д 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна. Захиран зарцуулах эрх нээгдэж байна гэж болно. Менежментийн хувьд тодорхой болж байгаа. 

Хуримтлалын санд хуваарилах уул уурхайн орлогын 34 хувийг иргэдийн баялаг гэж хуульчилсан байдаг. Энэ хадгаламжид 495 тэрбум төгрөг байна. Иргэн бүрд хуваавал 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. И-монголиа системээр хуримтлалын дансаа шалгаж болно. 

Гэхдээ үүнийг бэлэн мөнгөөр зарцуулах боломжгүй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулна. 

Төсөв ашигтай гарч байгаа учраас Хөгжлийн санд 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Төсөв энэ жил 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Хөгжлийн банк үүнийг зохион байгуулах зохицуулалтыг гаргаж байна. Хөгжлийн банкийг экспортыг дэмжсэн Эксим банк болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боллоо. 

Өнгөрсөн хугацаанд бид гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр "Хурдтай хөгжлийн төлөөх Зориг" бодлогын баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хэлэлцээг хөдөлгөлөө. 

Түүнчлэн Багануурын уурхайд түшиглэсэн кокс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Гашуунсухайт, Ганц мод хил холболтын төмөр замын хэлэлцээг урагшлуулах төслийг хэлэлцлээ. 

Удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. "Бадрах энержи" төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. 

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай шууд хэлэлцээ хийх боломж бүрдэж байгаа. Зуучлагч байдлаар ордог байсан хоёр гурван аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөнө. Тээвэр дээр гэхэд 50, 60 ААН шахагдаж гарахаар байгаа. Тиймээс 16 жилийн хамгийн их улстөржсөн асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь. Олон янзын өнцөг гарах байх. 

Шударга ёсны төлөөх жингийн цуваа саадтай ч зогсолтгүй явсаар байна. Цаашдаа ч зогсохгүй явна гэж бодож байна. Тиймээс олон нийт, хэвлэл мэдээллийнхнийг туйлын анхааралтай, нөлөөт толины тусгалд авталгүй, зөвхөн цаасан баримтад итгэж байхыг хүсэж байна. 

Алдагдалтай ажилладаг байсан "Эрдэнэс Тавантолгой" өнгөрсөн жил 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Нэг иргэнд 300 мянга гаруй төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тавантолгойн ногдол ашгийг хүйтний улиралд олгогдох нь зөв гэдэг саналыг гаргалаа. Өмнө гурав, дөрөвдүгээр сард олгодог байсан. Бөөнөөр олгохоор инфляцад нөлөөлнө. Тиймээс гурав хувааж олгохоор болсон. Нэг хоёрдугаар сард шийдвэр гарч олгогдох байх. 

-“Тавантолгой түлш”, утаа бол бугшсан олон асуудлуудын ил харагдаж байгаа хэлбэр. Нийслэл асуупдлаа шийдэхийн тулд санхүүгийн боломжтой байх ёстой. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Асуудлыг шийдэхийн тулд эрхзүйн тусгай орчин хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-тай хамтарч ажиллана. Орон нутаг барьцахгүй байх. Санхүүгийн том эх үүсвэр хэрэгтэй. Газар чөлөөлөхөөс авахуулаад хатуухан арга хэмжээ авагдана.

-Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихэд хөрөнгө гаргасан ААН-үүд татварын хөнгөлөлт эдэлж, төлөх байсан татвараа авч үлдэж болох хууль эрхзүйн орчин бүрдсэн. Энэ чиглэлээр эдлүүлэх татварын хөнгөлөлтийг бүхэлд нь Нийслийн утаа гэх мэт тулгамдсан асуудал руу чиглүүлэх шийдвэр гаргалаа.

Хархорум хотын бүтээн байгуулалтыг түргэтгэх хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Нийслэлд хэрэгжих төслүүдтэй танилцсан. Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх төсөл нь Туулын хурдны зам. 

Агаар хөрсний бохирдлыг гэнэт шийдвэрлэсэн туршлага хаана ч байхгүй. Тийм учраас төслүүдээ хөдөлгөх нь чухал" хэмээн ярьсан юм.  






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.202
    11 цагийн өмнө

    Одоо зүгээр л нэг зайлаад өгөөч эрхэм Оюунэрдэнэ гуйа. Монголчуудыг хангалттай хуурлаа хошгирууллаа улсаа цөлмөөд дуусгалаа хагарталаа баяжилаа одоо зүгээр алга болооч дээ огцороод!!!!!

    Хариулах