Шүүхийн шийдвэр албажих хугацаа дууссанаар Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нь тодорхой болжээ

С.Гандэлгэр
2025/02/13

Хангайн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүн Даваагийн Цогтбаатар Улсын дээд шүүхээс оны өмнөхөн буюу 2024.12.11-нд ял сонссон байдаг. 

Тодруулбал, Хөгжлийн банкны хэрэгт нь 20 сая төгрөгийн торгууль, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Энэ нь бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүн шүүхээс ял авч байгаа анхны тохиолдол болж буй. 

Дээд шүүх шийдвэрээ гаргаж, алх цохисноос хойш 60 хоногт багтаан тогтоолоо албажуулах учиртай. Нэгэнт цагаан дээр хараар бичсэн хуулиа дагаж мөрдөх ёстой учраас шийдвэрээ албажуулах нь цаг хугацааны асуудал юм. Шийдвэр албажсанаар Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах процесс эхлэх юм. 

Аль ч шүүхийн шийдвэр жирийн иргэнд шийдвэр танилцуулсан цаг мөчөөс эхлэн хэрэгждэг. Гэтэл УИХ-ын гишүүнд хууль үйлчлэхгүйгээр барахгүй, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж, хууль батлах үйл явцад оролцуулсаар байгаа нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" хэмээн заажээ.

Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5. "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон" тохиолдолд гишүүний бүрэн эрх заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж заасан байдаг аж. 

Тэгэхээр хүчин төгөдөр үйлчилж, дагаж мөрдөж буй хуулиараа УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх бус шууд гишүүнээс нь эгүүлэн татах ёстой гэсэн үг.

 Өмнөх парламент ч мөн л Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцээд хоёрыг нь явуулж байсан түүхтэй. 

Одоо процесс хэрхэн өрнөх вэ,

  • Улсын Дээд шүүх албажуулсан тогтоолоо УИХ-д хүргүүлэх,
  • Улмаар Дав.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээд шүүхийн шийдвэрийн дагуу 20 сая төгрөгөөр торгох, хоёр жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж шийдвэрлэх юм. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.139
    Өчигдөр

    ХСонгуулийн хууль зөрчсөн Болормаагаа эргүүлж татаад хууль адилхан үйлчилэх ёстой

    Хариулах
  • 103.168.34.92
    Өчигдөр

    anh ch yu bhvdee nuguu hentiin zaluu gishuun gegdej yvsan bomboo Gantulga bil uu? ter ch bas huuliig guuli bolgoj l yvsan gishuun asan shuu dee !

    Хариулах