Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдад ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдээс сонслоо.
Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчныг хорин нэгдүгээр зууны үзэл баримтлалд нийцүүлэн, төр бус хүн төвтэй байх шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Тэрбээр нийгмийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн шинэ тутам үүсэж буй харилцааг иж бүрэн зохицуулах чадамжтай, ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан хуулийг батлах нь энэ парламентын тэргүүн зорилт байх болно гэлээ.
Алслагдсан зарим сумдад хоршооны тухай хуулийн ойлголт, Шинэ хоршоо хөдөлгөөний зээл олголт болон эргэн төлөлтийн талаар мэдээлэл хангалтгүй байгаагаас улбаалж малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоо ашиглаж чадахгүй байгааг иргэд уламжилж байлаа. Сонгино сумын иргэдийн зүгээс сартуул түмний шүтээн уул Сонгино хайрханы орчимд хайгуулын лиценз олгосныг олон жилийн турш эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Дархан цаазат амьтадтай, нутгийн 20 гаруй айлын өвөлжөөтэй, түүхт хайрханыг хамгаалж, лицензийг цуцлуулж өгөхийг УИХ-ын даргад албан бичгээр дамжуулсан юм. Нутгийн иргэд сумын хөгжлийг уул уурхайд бус газар тариалан, мал аж ахуй тулгуурлан урагшлах учиртай гэдэгт санал нэгдээд өвс тэжээл тариалалтыг дэмжиж, бэлчээрийн доройтлыг бууруулах арга хэмжээ авахыг хүслээ.
Орон нутгийн иргэдээс нийтлэг дэвшүүлж буй банкны тогтолцооны өөрчлөлттэй холбоотой саналуудыг Сонгино сумынхан ч уламжлав. Арилжааны банкны зээлийн хүүг өндөр төдийгүй зээлдэгчийн эрх ашигт огт нийцэхгүй байгааг дэвшүүлэхийн сацуу хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголт мэдээлэл хөдөө орон нутагт хомс байгааг хэлж байв.
Түдэвтэй сумын иргэдийн хувьд ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгохоос өмнө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, Шинэ хоршоо хөдөлгөөнд идэвхтэй хамрагдах санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүний тулд сумандаа усалгаатай системийг сэргээж, тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлэх ёстойг ч хэллээ.
Түүнчлэн Ахмад насны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг малчдад чиглэсэн зарим хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд УИХ-ын гишүүдээс асуулт асууж, саналаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна