Б.Чойжилсүрэн: Иргэдийн цахилгааны хэрэглээний үнийг тодорхой хэмжээгээр бууруулна

Х.Есү
2025/02/19

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт болон иргэдийн цахилгааны хэрэглээний үнийг тодорхой хэмжээгээр бууруулах талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал, "Эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн асуудал дээр иргэдийн гомдол санал ирсэн. 1111 төв дээр 390 орчим гомдол санал ирсэн байна. 

2024 оны жилийн эцсийн байдлаар 1кВт эрчим хүчний өөрийнх нь өртөг 280 төгрөг байсан. Хэрэглэгч бүрийн эрчим хүч дээр тооцоод явахад 210 төгрөг байсан. Үүнийг 285 төгрөг болгоход дунджаар 30 хувиар нэмэгдсэн. 

Уул уурхайн бизнес эрхэлдэг ААН-үүдийн тариф бол 294 төгрөг байж байгаад 342 төгрөг болсон. ААН-үүд 222 төгрөг байсныг 30 орчим хувиар нэмээд 291 төгрөг болгосон. Иргэдийн тухайд бол үнийг гурван үе шаттайгаар нэмсэн. 

Эхнийх нь 150кВт цаг хүртэлх хэрэглээтэй айлууд 140 төгрөгийн тарифтай байсан. Үүнийг 175 төгрөг болгосон. 150-300кВт хүртэлх хэрэглээг 256 төгрөг болгосон. 300кВт-с дээш хэрэглээтэйг нь бол 285 төгрөг болгон нэмэгдүүлсэн. 

Иргэдийн гомдлын дагуу зарим цахилгааны тарифыг буулгана. Гэхдээ Уул уурхайн бизнес эрхэлдэг ААН-үүдийн тарифийг буулгахгүй хэвээр үлдээж байгаа. ААН-үүдийн тарифыг ч мөн хэвээр үлдээж байна. 

Харин иргэдийн цахилгааны хэрэглээний үнийг тодорхой хэмжээгээр бууруулна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгалаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.169
    2025/02/19

    30 дахин нэмсэн.чойжилсүрэн өөрөө хэлсэн шүү дээ

    Хариулах