-Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-өөс “хүртэлх”, “болно” гэдэг үгсийг хасъя-
Стратегийн ордуудын 34, 51 хувийг төрд авах хэлцлийг Стратегийн орд эзэмшигч ААН-тэй хийх үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг томилсон билээ. Гэтэл мань хүн эхний мэдэгдэл дээрээ л “Нугалаа гаргах юм биш биз” гэсэн айдсыг нийгэмд бодитойгоор үүсгэж орхилоо. Яагаад гэвэл, хуулиараа тийм боломж нь Ж.Батзанданд байна.
Дарга нарт төрийн нэрээр дээрэм хийх боломж олгодог, “Гамшиг дагуулах” ганц үг
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёр жилийн өмнө шинэ Үндсэн хуулийн төслийг ном болгон сэтгүүлчдэд тараасныг хальт гүйлгэж хараад цочиж билээ. Төрд буюу үнэндээ төрийн нэр барьсан дарга нарт асар их эрх мэдэл олгодог “Болно”, “Хүртэлх” гэдэг үг дүүрэн байсан болохоор л уншаад биш, хальт гүйлгэж хараад цочсон хэрэг. “Төр байгалийн баялгаас олсон өгөөжөөс ард түмэнд хуваарилж болно…” ч бил үү, ямартай ч эхнээсээ л “Болно”, “Хүртэлх” гэдэг гамшигт үгсээр дүүрэн байсан юм.
Хуульд орсон энэ хоёр үгийн хувийн хэвшилд аюул учруулсан жишээг тоочоод байвал дуусахгүй.
“Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барьсан бол тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж болно” гэсэн заалтаас бол “Монполимет”, Гаалийн ерөнхий газартай шүүхдэлцсэн жишээг дурдаж болно. “Монполимет” нь “Манайх импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр барьсан учраас чөлөөлөгдөх ёстой” гэж, Гаалийн байгууллага болохоор “Чөлөөлж болно” гэсэн болохоос яг чөлөөлнө гээгүй” гэж маргасан байдаг. Мань мэтэд бол ард нь авлига нэхээд сууж байгаа нэг дарга шууд л нүдэнд харагдаж байгаа юм.
Ж.Батзандан нэг нь байсан “Шударга тав” тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболдын хуулийн зөвлөх Б.Гүнбилэгээс ийм хариулт сонсож байсныг санах нэг нь санаж байгаа байх.
“Хүртэлх” гэдэг үгийн тухайд “Жил бүр улсын нөөцөд 100,000 хүртэлх тонн улаанбуудайг улсын нөөцөд худалдаж авна” гэдэг заалтад итгээд импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлөх хуулийг дэмжсэн тариалан эрхлэгчдийн жишээ байна.
Ж.Батзандан “Ногоон малгайт” болох боломжтой
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж байх үед эргэлзээтэй хэд, хэдэн заалт туссан нь хэл ам дагуулж байсан билээ. Тодруулбал, Оюутолгойн алдааг залруулах нэрийн дор оруулсан 5.5 дугаар зүйл буюу
-“Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэсэн заалтыг хувийн хэвшлийнхэн “Цаашид хайгуулын салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хаалаа” хэмээн шүүмжилж байсан.
Гэтэл түүнээс ч 5.4 гээд бүүр ч их гамшигтай өөр заалт орж ирсэн байжээ. Бүр тодорхой хэлбэл 5.4 заалт бүхэлдээ биш, дотор нь өнөөх “хүртэлх”, “болно” гэдэг хоёр үгээ шургуулчихаж.
Заалтаа жаахан анхааралтай тогтож уншья.
-Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно”.
Ж.Батзандангийн хийрхэл, өвчигнөлтийн шалтгаан энэ байж.
Одоо Стратегийн ордууд дээр хэлцэл хийгдэх ч яг хэдэн хувь дээр тохирохоо Ж.Батзандан шийднэ. Эзэд нь мэдээж 34 хувь дээрээ тохирохыг бодно, харин дарга “50 хувийг чинь авсан ч миний дур” гэж дарамтална. 34-50 хүртэлх 16 хувь дээр тоглолт хийх боломжтой болж байгаа юм. “Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэдэг заалтыг энэ 16 хувь дээр хийж, даргын данс руу гулгуулахыг ч хэн байг гэх юм бэ.
“Ачит ихт” гэхэд “34 хувиа ав” гэдэг албан бичгийг “Эрдэнэт” УБҮ рүү олон удаа явуулсан байдаг. Энэ бол 34 хувь дээр бол тохиролцоо асуудалгүй гэдгийг харуулж байгаа хэрэг. Гэтэл бөөн юм болгоод байгаа нь цаанаа учиртай байж мэднэ. Ийм л хардлагыг төрүүлж орхилоо.
Хэрвээ хуульд 34 гэсэн ганц тоо байсан бол, эсвэл 34, 50 гэсэн хоёрхон тоо байсан бол Ж.Батзандан хэзээ ч ингэж өвчигнөхгүй л дээ. Ж.Батзанданг БЭТ-ээр тавих ч үгүй. Хуулиа мөрдөөд 34, эсвэл 50 хувиа өгөөд л явчихна. Гэхдээ 16 хувийн хэлбэлзэл байгаа учраас л Ж.Батзандан мэтийг БЭТ-ээр томилж, “Болохгүй бол бүгдийг нь авна шүү” гэж орилуулж байж тун болзошгүй.
Сүжигнэлээр хийх ажил биш, иргэний дайнд ч хүргэж мэднэ
Монголын төр баялгийн хуваарилалтаа эргэн харж, шинээр зохион байгуулж байгаа нь зөв. Ард иргэд үүнийг маш ихээр дэмжиж байгаа нь үнэн. Гэхдээ, энэ ажлыг сүржигнэлээр, иргэдийг турхирсан байдлаар явуулж болохгүй. “Бусдыг уриалсан, турхирсан” гэдгийг Эрүүгийн хуульд хүндрүүлэх шалтгаан болгож авч үздэг. Ийм шалтгаанаар хариуцлага хүлээж, ял сонссон нь ч байгаа байх. Гэтэл Засгийн газрын БЭТ Ж.Батзандан өчигдөр ард иргэдийг Стратегийн орд эзэмшигчдийн эсрэг турхирч байна. Уг нь бол Ж.Батзандангийн хийх ажил өөрөө хуультай. Өнөө Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-ын хүрээнд л шийдэгдэх юм. Гэхдээ гайтай хоёр үгийг авч хаяхгүй бол заримаас нь 34, заримаас нь 50, заримаас нь 40 гэх мэт ялгавартай хувь хэмжээг төрд шилжүүлж, нугалаа гаргах боломж байгаад байна.
Түүнээс гадна, Ж.Батзанданд даалгасан ажил бол түүхэнд үлдэх, баялгийн хуваарилалтад шинэ, шударга жишиг тогтоох хариуцлагатай ажил. Гэтэл “Хууль бусаар авсан нь тогтоогдвол шууд хурааж дараагийн компанид нь өгнө”, “Өгөхгүй гэвэл ард түмэнтэйгээ жагсаж байгаад авна” гэснийхээ араас “1997-2005 оны хооронд олгогдсон лицензүүд бүгд хууль бус” гэж өвчигнөв. Амьхандаа АМГТГ-ын дарга Д.Жаргалсайхантай холбох гэсэн бололтой.
Гэтэл зарим хүн шууд л “Өмнө нь Монголд мэр сэр гардаг байсан төрийн нэрээр дээрэм хийдэг явдлыг бүр илүү өргөн хүрээнд явуулах юм байна” гэсэн дохио авлаа.
Эрх баригч нам солигдоход орон нутагт уул уурхайн сэдэвтэй жагсаал идэвхжиж, байгаль орчинд хохирол учруулсан гэх мэт шалтаг гаргаж байгаад эсрэг намынхаа гишүүний эзэмшиж байсан уул уурхайн компаниудыг дээрэмддэг жишиг Монголд байсан. Энийг лав засахгүй юм байна гэж ойлгогдлоо.
Энэ бүх буруу ажиллагааны үр дагавар юу вэ гэвэл эв нэгдэл муудна. Монголчууд “Ардчилал”-аар 30 жил амьдарчихсан, хувийн өмчтэй байгаад үзчихсэн ард түмэн. Лиценз нэг өөр, эргэлтэд орсон уурхай нэг өөр гэдгийг бас ч гэж ялгаж салгана. Бүтээж босгосноо тийм ч амар тавиад өгчихгүй болов уу. Тиймээс эхлээд Ашигт малтмалын хууль дотор шургуулсан “Хүртэл”, “Болно” гэдэг үгийг хасаж, илүү тодорхой, хувь хүний, эрх мэдэлтний тоглолт хийх боломж багатай дүрэм журмаар ярьвал хувь эзэмшлээ өгөхөөс татгалзах компани гарахгүй л болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.169
Нөгөө 30н гэр бүл баяжчихсан тэд одоо иргэний дайн үүсгэхүү идэж уусан чинь хангалттай бусад монголчууддаа өгөх цаг нь болжээ батзанданд амжилт хүсэе
Хариулах103.212.117.28
УЛСАА САМАРЧИХААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ӨГӨХГҮЙ ГЭЭД Л ИРГЭНИЙДАЙН ГАРГАХГҮЙ ЮМ БОЛ ЯАЖ САМРАХ ЮМ БОЛ
Хариулах103.212.117.28
хийрхэл гэсээр монголын ард түмэн хэдхэн айлд хамаг газрын доорхи нөөцөө алдаад ногдол ашиг гэгдэх хэдхэн төгрөгийг яс горьдсон нохой шиг хэзээ шидэхийг нь хүлээж сууна.. ард түмний өмнүүр битгий улиад бай
Хариулах59.153.112.194
Батзанданг дэмжиж бна.Амжилт хүсье!
Хариулах66.181.181.186
Зүйтэй!!! Зогсож болохгүй. Чигээрээ!!! Хулгайч нарт үзүүлээд өг!!!!
Хариулах139.5.217.138
битгий хуц муу луйварчид ц..
Хариулах157.15.7.113
Нэг ийм цамнагчийг тавьж байгаад жолоог нь тааруулаад татаад явахаар хамтарсан засгийн газар тооцоо байлгүй дээ. Ер нь баялаг бүтээх биш, байгаа бэлэн уул уурхайн ордуудаа эмх замбараагүй ухаж төхөж, байгаль орчин бохирдуулахын хамт цөөн хэд нь хэт баяжсан нь олны нүдэн дээр ил байна шүү дээ, даварч байгаа нөхдийг байх ёстой байранд нь тавихад Батзандан мэт хийрхэгч хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй шүү, харин тунгий нь тааруулж жолоог нь зарим үед татаж байх хэрэгтэй
Хариулах66.181.191.136
Монголчуудын өөдгүй зан илэрч байна.зөв ажил хийж байгөа хүнээ муулж хулгайч нараас магтан дуулж эхлэлээ.ер монголчуудыг эрт үеэс өөдгүй пялдага,хувирамтгай бүдүүлэг зан ааштай гэдэг биздээ
Хариулах202.9.47.4
Ийм чухал албанд галзуу хүн томилдог нь яаж байгаа юм бэ.Яриа хэлэлцээ хийх өндөр ур чадвар соёл боловсролтой уул уурхай салбарын гүн мэдлэг туршлагатай хүн зөндөө байгаашдээ. Батзандан хэлцэл биш хэрүүл уруул попрол хийхээс өөр чадваргүй улаан хувьсгалч дорж ногоон малгайт жамбалын хойд дүр болж тодрох нь дээ.Аймшиг айсуй.
Хариулах103.212.117.28
луйварчидтайийм хүн л тэмцэнэ. ард түмэн мөнгөөр коммент бичиж буй муу сайн юмнуудаас бусад нь бүгд дэмжинэ.
202.9.46.130
Батзандангийн халимаг үс үгийн өргөлт яг Гитлeрээ одоо сахал л хэрэгтэй байна даа. Ийм амьтан төрийн албанд биш шар хаданд очих баймаар
Хариулах