“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас Нийслэлийн 50 байршилд авто зогсоолын менежмент хийх эрхийг “Моннис” группд олгожээ.
Нийслэлийн захиргаа хот доторх авто зогсоолуудыг шинэчилж сайжруулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулах ажлыг 2019 оноос эхлүүлж, 50 байршлын авто зогсоолын менежментийг сайжруулах тендерийг 2023 онд зарлан гүйцэтгэгчийг шалгаруулсан ч шалгарсан компаниуд нь яагаад ч юм ажлаа хийгээгүй аж.
Улмаар дахин тендер зарлахад “Моннис” групп шалгарсан бололтой. 50 байршлын авто зогсоолд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр сул зогсоолын мэдээлэл бүхий самбар, хяналтын камерын систем, ухаалаг технологид суурилсан урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн систем бий болгох, авто зогсоолын төлбөрийг цахим төлбөр тооцооны хэтэвчүүдээр дамжуулан төлөх, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг системийг халах гэнэ.
Энэ бол мэдээж, өнгөц харахад сайхан санагдана. “Иш хөөрхий, хэн ч тоож мөнгө гаргахгүй байхад Моннис л мөнгө гаргаж, төрийн ажлыг хийлцэж байна” гэж өмөөрөх нэгэн ч гарч магадгүй.
Гэвч үнэндээ тийм биш юм.
Моннис менежментийг нь хийхээр болсон гээд байгаа 50 байршилд одоо ч авто зогсоол ажиллаж байгаа бөгөөд тодорхой ААН-үүд хариуцан ажиллуулж байгаа. Нийслэл нэг компанийн эрх ашигт үйлчлэх гээгүй л бол авто зогсоолын стандартаа ААН-үүд рүү хүргүүлж, нийцүүлэхийг шаардаж болох байсан. Гэтэл оронд нь “Хууль бусаар авто зогсоол ажиллуулж байсан” гэлдэг үндэслэлээр болиулж, нэг компанид өгөхөөр болж байгаа юм байна.
Авто зогсоолын стандартыг сайжруулах нь мэдээж олон нийтийн эрх ашиг мөн. Гэхдээ энэ ажлыг заавал нэг компанид хариуцуулж, тэр нь “Моннис” байгаа нь хардлага төрүүлж байна.
Улс төр, эдийн засагт бугшсан бүлэглэлийг задалж, төсвөөс гарах мөнгөний урсгалыг аль болох олон ААН-үүд рүү чиглүүлэхийг олон нийт хүсэж байгаа.
Өдгөө улс орны эдийн засагт гарсан өөрчлөлтийг харвал сүүлийн жилүүдэд өсөлт бий болж, төсөв нэмэгдсэн байна. Энэ бол нэг талын ахиц дэвшил мөн. Гэхдээ нэмэгдсэн төсвийг хэнд хуваарилах вэ гэдэг тал дээр дэвшил гарсан гэхэд хэцүү байдлыг “Моннис” мэтийн компани харуулах болов.
Төрөөс төсвийн байгууллага, яамдыг том оврын автомашин хэрэглэхийг болиулсан. Улмаар хувийн хэвшлээс үйлчилгээгээ худалдаж авах тогтолцоонд шилжлж, үүнийгээ төрөөс хувийн хэвшлээ дэмжиж байгаа үйлдэл мэтээр ойлгуулсан. Гэтэл “Моннис” мэтийн цөөн хэдэн компани энэ зах зээл дээр тоглож, бусдад нь дэмжлэг болж чадахгүй байна.
“Моннис” групп 2024 онд зөвхөн Батлан хамгаалах яаманд автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлж арван тэрбум шахам төгрөг авсан байна. Тухайн жилдээ төрд үзүүлсэн нийт үйлчилгээг нь тооцвол 14 тэрбум 240 сая төгрөгт хүрчээ.
Төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж төсвийн буюу ард түмний татварын мөнгийг гадагш урсгах боломжийг нээчихээд “Моннис” мэтийн цөөн компаниуд руу чиглүүлж байгаа нь олон нийтэд таалагдахгүй байна.
“Моннис” групп мэтийн лобби сайтай цөөн хэдэн ААН жаалж, төсвийн мөнгөөр угжуулан дархан эрх эдлэх болсон нь энэ төрийн бодлого биш байлтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна