О.Алтангэрэл: "Энержи Ресурс" ХХК-д Х.Наранхүү сайд байхдаа Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл

Г.Долгорсүрэн
9 цаг 12 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хуульзүйн сайд О.Алтангэрэл Ухаахудагтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.


Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 32-р захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудал. Үүнд УИХ, Засгийн газрын өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийг боловсруулж УИХ-д уламжлахаар болж байна.

Ажлын хэсгийн хүрээнд нэлээн олон асуудлыг байгуулагдсан цагаасаа эхлэн судаллаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008.03.21-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ гэх баримт бичиг нь Стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна үзлээ.

 Өөрөөр хэлбэл, "Энержи Ресурс" компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.

Энэ асуудлаар Монгол Улсын Их хурал 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулчхаад байхад энэ орд дээр гэрээ хийгээд, хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй.

Тэр үеийн Засгийн газрын хуралдаан тэмдэглэлийг үзэхэд “Энэ асуудлыг судлан эргэж Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүү гэгчид, мөн энэ асуудлаа эргэн шийдвэрлүүлэхийг тухай үеийн Засгийн газарт УИХ-аас даалгаж, шийдвэрлэсэн байхад бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ” гэж байгаа юм.

Тэгэхээр үүнд Монголд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 онд тогтоол биелээгүй байна. Өдийг хүртэл зөрчигдөж ирсэн байна гэдэг дүгнэлтийг танилцуулж байна.

 Тэр байтугай зарим шалгах ёстой нөхцөл байдлууд тодорч байна. Анх энэ лиценцийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, эрх хэмжээгээ хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг цаашид хууль хяналтын байгууллагаар цаашид шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Тавантолгойн Ухаахудагтай холбоотой асуудал дээр УИХ-д Засгийн газраас тогтоолын төсөл өргөн барьж, үүнийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлүүлэх нь зөв гэсэн дүгнэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хийж байна”  гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна