Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав

С.Гандэлгэр
7 цаг 36 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

Мөн гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж буйг тэмдэглээд хоёр талын түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолж, энэхүү айлчлал нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеландын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь бидний хувьд үлгэр жишээ болж ирсний сацуу тус улсын дэлхийд танигдсан хөдөө аж ахуй, хоршооны сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, ач холбогдол өгч буйг онцлов.

Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксоны халуун дотно мэндчилгээг уламжлаад Шинэ Зеландын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Тэрбээр энэ удаа Шинэ Зеландын Фермерүүдийн хоршооны Ерөнхийлөгч У.Лангфордын хамтаар Монгол Улсад айлчилж байгаагаа тэмдэглэж, энэ нь хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна