О.Алтангэрэл: Хууль зөрчиж олгогдсон Ухаа худаг ордын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ

С.Гандэлгэр
7 цаг 37 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 06-нд болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Ухаа худаг" ордыг хувийн хэвшилд хууль зөрчиж олгосон гэх асуудалтай холбогдуулан Засгийн газраас УИХ-д тогтоолын өргөн барихаар болсон талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ашигт малтмалын тухай хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Монгол Улсын Засгийн газар, "Энержи ресурс" компанийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 

Тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах "Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээр хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг болгосон заалт бүхий тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хууль зүйн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх, Засгийн газрын хурлаар танилцуулагдах ёстой процесс зөрчигдсөн учраас Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж Монгол Улсын УИХ-аас тогтоосон ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх зүйтэй байна. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учраас тогтоол баталж, энэхүү тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар тус аж ахуй нэгжтэй хэлэлцээр хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр боловсруулсан" гэлээ. 

Ингэснээр 2008 онд Засгийн газрын тэмдэглэлээр "Энержи ресурс" ХХК-д шилжсэн асуудлыг УИХ хэлэлцэн, Засгийн газарт үүрэг өгөх юм. Улмаар Засгийн газар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан тус хувийн хэвшилтэй хэлэлцээр хийх боломж бүрдэх юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.71.101.187
    6 цагийн өмнө

    Сайд царайлсан АН -ын дүнхүү өөдөө явж байгаа нэгнээ татж унагах гээд тэнэгтэж эхлэв. Ухаа худагийн эерэг нөлөө бусадаа хязгааргүй ач холбогдолтой. Саалийн ганц үнээгээ л алж идэх гэж улайрах юм. Сайн зүйл болохгүй ээ. УИХ татгалзах биз ээ. Чааваас, тэгээд худийн өмчийг дээдлэх бодлоготой АН -ын сайд гээд байгаа шүүдээ.

    Хариулах