Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ.
Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.
Монгол Улс Чехословак Улстай 1950 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Чех нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн юм.
Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Талууд криминологийн судалгаа хийх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар, дадлага, сургуулилт, хэлний сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах зэргээр хамтран ажиллана.
“Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмсний зэрэгцээ оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулна. Хоёр улсын хэл, соёлыг суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт хамтран зохион байгуулна.
Санамж бичгийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд байгууллаа. Хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр хамтарна. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхэллээ.
Чех Улстай дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагаа эхэллээ. Чех Улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Энэ удаа олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тоо толгойг тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг хамтран сайжруулахаар болов.
Спорт, биеийн тамирын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг солилцоо, мэргэжлийн болон олон нийтийн спортын хөгжил, цахимжуулалт, спортын байгууламжийн менежмент, спортын холбоод болон бусад холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна