Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц/УЦС/-ын талаар хэлэлцэж энэ талаарх гарсан шийдвэрийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд С.Одонтуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийн ажлыг хөдөлгөх талаар бид олон дараалсан ажлыг хийж ирсэн.
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын УЦС-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, энэхүү төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зуран санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирсон. Энэ санамж бичгийн дагуу хоёр талд Эгийн голын УЦС-ын байгаль-экологийн үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулж байсан.
Монголын талаас Эгийн голын УЦС-ын төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа”-ны ажлын даалгаврыг батлан гаргасан.
Ажлын хэсэг баталсан ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны 01 дүгээр хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.
Мөн ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн ТУСЛАХ ДАЛАНГИЙН ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна