Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” эхэлж байна.
Хуралдаанаар мөн салбарын яамд болон холбогдох байгууллагуудаас ирэх 4 жилд тухайн бүсэд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулж, хэлэлцүүлэх ажээ.
Хуралдаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд оролцож, Хангайн бүсийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэнэ. Ингэснээр бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэр гаргахад дөхөм болно.
Салбар хуралдаанаас гарсан үр дүнг “Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдаан”-аар хэлэлцүүлж, бүсийн богино, дунд, урт хугацааны бодлогод тусгана.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Бүсийн зөвлөл”-ийн дарга нар томилогдож байгаа аж. “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүсийн зөвлөлийн даргыг аймгуудын нэрний цагаан толгойн үсгийн дарааллаар сонгохоор тогтсон. Уг заалтын дагуу Хангайн бүсийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Засаг дарга ажиллахаар болжээ.
Хангайн бүсийн хөгжлийн зорилго нь дэлхий дахинд Монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс” болно.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд 2024-2028 онд буюу ирэх 4 жил төрөлжих чиглэл болон дэд бүсийг баталсан. Үүнд:
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хангайн бүс”-ийн тэргүүлэх чиглэл нь төрөлжсөн аялал жуулчлал, тодруулбал соёлын, түүхэн, адал явдалт, байгалийн, амралт, рашаан сувилал, суурилан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ.
/Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна