ХУУЛЬ: Сөрөг хүчин 2028 оны сонгуульд дөрвөн жил төсвийн мөнгөөр өөрсдийгөө сурталчилсан дарга нартай өрсөлдөх нь

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 25 минут

-Гишүүд /Өндөр албан тушаалтнууд/ Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө өөрийгөө сурталчлах эрхээ авч үлдлээ-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн:

-41.9 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, 

-44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэсэн юм.

Дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан юм. Ингэхдээ 41.9 дэх заалтыг хүчингүй болгох, 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.

Цэцэд гаргасан гомдол нь дарга нарын “Тайлангаа тавих” байдлаар сурталчилгаа хийж олж авч байгаа давуу байдлыг арилгах байсан. Гэвч Дарга нар давуу байдлаа талдахыг хүссэнгүй. Харин Сонгуулийн сурталчилгаанаас өмнө “Бүгд адилхан тайлан тавих эрхтэй” байх хувилбараар шийдлээ.

Ингэснээр сонгуульд нэр дэвших сонирхолтой УИХ-ын дарга, сайд нар улс орны хөгжилд гарсан ахиц дэвшлийг өөрсдөдөө нааж сурталчилгаа хийх эрхээ хадгалж үлдэж байна. Харин сонгуульд өрсөлдөх үндсэн сурталчилгаа нь эрх баригчдад хандсан шүүмжлэл, ирээдүйд хэрэгжих бодлого байдаг сөрөг хүчний намууд, бие дааж нэр дэвшигчид хуулийн заалтыг ашиглах боломжгүй юм.

Товчхондоо, сөрөг хүчин 2028 оны сонгуульд дөрвөн жил төсвийн мөнгөөр өөрсдийгөө сурталчилсан дарга нартай өрсөлдөх нь. Төрийн ажил төсвийн хөрөнгөөр явдаг. Олон талын оролцоотой байдаг. Гэсэн ч сайд, дарга өөрсдөө нээлт дээр нь очиж, өөриймшүүлж явдаг нь нууц биш учраас ингэж хэлж болох байх. 

Давуу байдал олж авах боломжоо авч үлдэх өчүүхэн эрх ашгаас үүдэлтэй гишүүдийн энэ явган заль нь сөрөг хүчний намуудыг идэвхжүүлж, эрх баригчдыг шүүмжилснийгээ ажлын тайлан болгож өрсөлдөх хэлбэрт оруулж, бөөн улстөржилт дагуулах вий дээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.112
    Өчигдөр

    Шудрага ёс гээч юм хүн бүрт эрх тэгш үйлчилнэ гэж байдаггүй гэдэг үнэн гэдгийг манайхан ойлгож эхэлсэн байх. Тийм болохоор хүний эрх халхавчаар хулгайч нар хуулиар хамгаалалт бий болгоод байгааг ухаараасай билээ дээ

    Хариулах