Японы Эзэн Хаан Нарүхито хунтайж байхдаа Монгол Улсад айлчилж байжээ

С.Гандэлгэр
14 цаг 29 минутын өмнө

Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 07 дугаар сарын 06-ны өдөр хүрэлцэн ирэх гэж байна. 

Хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа Япон Улсын эзэн хаан, хатны хамт манай улсад айлчлах гэж байгаа юм. 

Тэгвэл Эзэн Хаан Нарүхито нь Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, Монгол Улс дахь “Япон жил”-ийн хүндэт зочны хувиар 2007 оны 07 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байсан юм. 

 Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхаж, Үндэсний их баяр наадмын нээлт, сурын харваа, Соёолон морьдын уралдааныг  сонирхож, Төрийн хүндэтгэлийн дайллагад оролцсон. 

Байгалийн түүхийн музей, Палеонтологийн хүрээлэн, “Говь” үйлдвэр, Дамбадаржаа дахь япон иргэдийн дурсгалын цогцолбор, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Өвөрхангай, Архангай аймгуудад зочилсон. 

Айлчлалын үеэр Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан Хүндэтгэлийн концертод эрдүү хийл (viola) хөгжмөөр Монгол Улсын Филармонийн оркестр, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт К.Сен-Сансын “Хун” аялгууг тоглож байсан түүхтэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна