Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсний дараа М.Мандхай тэргүүтэй хэсэг гишүүд төсвийн тодотгол, “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай “Төсвөө онож танаж чадахгүй байна. Төсвийн тодотголоор хүнс, хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малчдын шинэ хоршоо хөдөлгөөн цаашид хэрэгжих боломжгүй болж байна. Ийм байдлаар төсвийн тодотгол хийвэл бид дампуурна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Улмаар 15 тэрбум төгрөгийг “Шинэ хоршоо” хөтөлбөрт тусгах саналыг УИХ-ын гишүүн М.Мандхай гаргаж, дэмжигдсэн юм.
"Шинэ хоршоо" хөдөлгөөнийг одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эхлүүлж, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө малчдад эрчимтэй зээл олгосон байдаг. Харин УИХ-ын сонгуулийн дараа тус хөдөлгөөний үйл ажиллагаа аажмаар саарч, хүндхэн байдалд ороод байгаа. Нийт 190 гаруй мянган малчинд 800 тэрбум төгрөгийн зээл өгсөн гэх бөгөөд үүнийг "Сонгууль угтсан мөнгө тараалт байсан" гэж хардах нь бий.
Дээрх 800 тэрбум төгрөгийн 400 тэрбум нь Зээлийн батлан даалтын сангаас гарсан байдаг бөгөөд цаашдаа ч уг сангаас санхүүжээд явах боломжтой байгаа юм. Энэ оны зургаадугаар сарын 27-ны байдлаар 36.7 тэрбумын зээлийг зөвхөн Шинэ хоршоо хөтөлбөрт олгосон байх жишээтэй. Цаашдаа ч 90 хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломжтой талаар ЗБДС-ийн захирал нь мэдээлсэн байдаг.
Зээлийн батлан даалтын сангийн захирал С.Цогтсайхан "Шинэ хоршоо" хөдөлгөөний зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Шинэ хоршоо болон бусад батлан даалтуудад цаашдаа 90 тэрбум төгрөгийн зээл гарах боломжтой" хэмээн мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, зээл хэвийн олгогдож байгаа, цаашдаа ч нэмж олгогдох боломжтой хөтөлбөрийг УИХ-ын гишүүн М.Мандхай "Цаашид хэрэгжих боломжгүй болж байна" хэмээн худал мэдээлэл тараасан байж болзошгүй байгаа юм.
Тэрбээр мэдэгдэлдээ "Зээлийн батлан даалтын сан дээр улаан буудай, нарийн ногоо, "Цагаан алт" гэх мэт бусад хөтөлбөрийг бага зэрэг танасан хэрнээ “Шинэ хоршоо” хөтөлбөр дээр тавигдсан 45 тэрбум төгрөгөөс 40 тэрбумыг нь хасчихсан байна" гэж онцолсон. Хэлбэр талаасаа бол нээрэн л арай их хувиар хасчихсан мэт боловч цаана нь "Аль хэдийн 800 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Нэмээд ч зээл олгогдох боломжтой" гэх агуулга байсаар атал эрхэм гишүүн дуугүй өнгөрч, санасандаа хүрлээ.
Гэтэл нөгөө талд нь малчдаас гарах түүхий эдийг худалдаж авч жинхэнэ баялаг болгох учиртай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт", хүнсний аюулгүй байдлын нэг тулгуур болох "Атрын IV" аяныг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. М.Мандхай гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын дагуу бол "Цагаан алт", "Атрын IV" аянууд дээр суусан 15 тэрбум төгрөгийг "Шинэ хоршоо" хөтөлбөр лүү шилжүүлэхээр болоод буй. Улмаар 15 тэрбум төгрөг "Шинэ хоршоо" хөтөлбөрт шилжсэнээр дээрх төслүүдийг хэрэгжүүлэх 15 тэрбумын зээлийн боломж үгүй болно гэсэн үг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна