Монгол Улсын Их хурлын гишүүн Ө. Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг багцлах, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг бүрэн эрхэд халдаж байгаа улс төрийн үйл ажиллагаа гэж хардах үндэслэлтэй байгаа тул энэхүү асуудлын талаар мэдээлэл авахаар өнгөрсөн тав дахь өдөр буюу / 2025.08.15 /-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.
Тус албан бичигт “Манай улсад 2019 оноос ард түмний эгдүүцэл, эсэргүүцлийг төрүүлж байсан сэдэв болох “Гишүүний таван тэрбум” гэх асуудал тухайн үедээ ихээхэн шүүмжлэл дагуулж байгаад мартагдсан ч харамсалтай нь үе үеийн улс төрчдийн тойргоор хуваагдаж өөрийн тойрогт төсөл, арга хэмжээ хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэд, сонгогчдын саналыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан өөртөө татах явцуу улс төрийн хэлбэр болон үргэлжилж одоог хүртэл оршин тогтносоор байна.
Дээрх “Гишүүний таван тэрбум” гэх асуудал анх Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд байгаагүй ба төслийг хэлэлцэх үеэр төсвийн байнгын хорооны саналаар нэмэн оруулж ирснийг гишүүдийн болон иргэдийн эсэргүүцлийн ачаар төсвөөс хасаж байсан. Гэвч өнгөрөгч долдугаар сард хийгдсэн төсвийн тодотголоор уг асуудлыг дахин оруулж батлан үүнийхээ дараа гишүүдээс саналуудыг авсан нь мөн ард иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.
Миний хувьд энэхүү шүүмжлэлтэй санал нэгтэй байгаа ба бид Улс гэсэн том тойргоо орхиж улсын хөгжлийг бодох биш улс төрчид, тойргийн гишүүд тойргоо услах, тойрогтоо л байвал нэр тодорхойгүй, хэрэгцээ шаардлага тодорхойгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж улс төрийн оноо цуглуулах, ажил хийсэн болж харагдах явцуу улс төрийн бодлогыг нь хөхүүлэн дэмжиж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа хэлбэр гэж дүгнэж байна.
"Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь улс орны хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй асуудал биш бөгөөд хөгжлийн нэгдсэн бодлоготой, нэгдсэн төсөвтэй, Үндсэн хуультай улсын хувьд хөрөнгө оруулалтыг эрэмбэлж 126 гишүүнд хуваарилсан 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулагдах ёстой.
Монгол Улс хөгжлийн бодлогодоо бүсчилсэн хэлбэрээр хөгжих, үйлдвэрлэлийг дэмжих, ажилтай, орлоготой иргэдийг бий болгох замаар улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зорилго тавьсан ч дээрх төсвийг үр ашиггүйгээр зарцуулж байгаа нь шууд утгаараа төрийн бодлогын эсрэг үйл явдал болж байна.
Цаашилбал энэ нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг багцлах, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхэд халдаж байгаа улс төрийн үйл ажиллагаа гэж хардах үндэслэлтэй байна. Иймээс дээрх асуудлуудын хүрээнд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.16, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасны дагуу дараах мэдээллийг хуулийн хугацаанд ирүүлэхийг танаас хүсье. Үүнд:
1. “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь “Алсын хараа 2050 Mонгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", Улсын төсөв нэгдсэн байх зарчим, эдийн засаг аюулгүй байдлыг хангах зэрэг холбогдох бодлого баримт бичгийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл;
2. “Гишүүний таван тэрбум” Монгол Улсын Хөгжлийн төлөвлөгөө, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалт, төслүүдэд зарцуулагдаж байгаа эсэх талаар;
3. “Гишүүний таван тэрбум” гэх гишүүдийн саналаар тавигдаж буй төсвийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагууд, Улсын төсөв нэгдсэн байх шаардлага зэргийг хангаж байгаа талаар” хэмээн онцлон тэмдэглэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна