-АН-ын даргын марафон: О.Цогтгэрэл намын дарга болж, Ц.Уянга, Ч.Лодойсамбуу нар Нийслэлийн АН-ын төлөө өрсөлдөнө-
Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдана. Хурлаар дарга Л.Гантөмөр ажлаа өгч, дараагийн дарга тодорно гэж буй. Хэн бэ гэдгийг одоо хэлэхэд эрт ч О.Цогтгэрэл гэсэн шуум явж байна. Тодорхой нэг зүйл гэвэл, маш олон ашиг сонирхол ҮБХ-ны хуралдаан дээр илэрхийлэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор, АН-ын даргын асуудалд ил далдаар оролцож байгаа субьектуудын ашиг сонирхлыг тандая.
О.Цогтгэрэл
Илээр хамгийн бага яригдсан О.Цогтгэрэлийг хамгийн эхэнд бичсэн нь түүний нэр далдуур хамгийн их яригдсантай холбоотой юм. Сошиалд төдий ил гараагүй ч мэр, сэр дурдагдаж байсан "Олон нийттэй биш, нэр ус, утас шөрмөс нь тодорхой 400 хүнтэй яг тулж ажиллаж буй" нууцлаг эрхэм нь чухам О.Цогтгэрэл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Энэ удаад Ардчилсан намын дарга болох гол нөхцөл нь МАН-д ивээгдсэн байх гэдгийг нэр дэвшигчид нь хүртэл ил хэлж зарлаж байгаа үед чухам түүний нэр даргад хамгийн хүчтэй яригдаж байгаа нь сонирхолтой. Ямартай ч түүний Л.Гантөмөрийг залгамжлах магадлал бусад бүх нэр дэвшигчдийн боломжийг нийлүүлснээс ч илүү буюу 50-иас дээш хувьтай гэж яригдаж байна.
АН-ын залуус /Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл гм/
Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл тэргүүтнийг тэрний, энэний хүн гэлгүйгээр ерөнхийд нь залуус гэдэг ангилалд хамруулчихъя. Энэ удаа Ардчилсан намын даргын сонгуульд Үндсэн дүрмийн 5.17.4-т Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гэсэн заалтын дагуу явна гэж буй. ҮБХ-ны гишүүд дэмжээд дүрмээ өөрчилчихдөггүй л юм бол О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, ер нь өөр хэнд даргын сонгууль хүртээлгүй болж хувирна.
Энэ нь Ардчилсан нам нь ардчилсан гэх нэртэй ч үнэндээ ядаж даргын сонгууль дээрээ ч ардчилсан биш гэдгийг илэрхийлэх нэг жишээ болж байна.
Үнэндээ ардчилсан нам даргынхаа сонгуульд залуусыг оролцуулахгүйн тулд янз бүрийн хориг саад бодож олдог байсан. Нэр дэвшихийн тулд л эргэж төлөгдөх нөхцөлгүй их хэмжээний дэнчингийн мөнгө нэхэж байсан ч удаатай. Уг нь нам бол уян хатан, чадварлаг хүмүүсийг улс төрд зуучилдаг, мэдлэгийг нь авч ашигладаг бүтэц болохоос нэг дороо олон жил бугшсан хүмүүсийн бүлэглэл биш юм.
О.Алтангэрэлийн хувьд, ҮБХ дээр 5.17.4 заалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өөрчлөх санал гаргаж зүтгүүлэх, бүтсэн тохиолдолд хууль бус хөрөнгө хураах тухай хуулиа сурталчлан, үүн дээрээ дөрөөлж оноо авах тактик барьж байгаа бол Ч.Лодойсамбууг АН-ын гэхээсээ Нийслэлийн АН-ын даргад санаатай байгаа гэсэн мэдээлэл байна.
Эмэгтэйчүүд /Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа/
Ардчилсан нам 35 жилийн түүхэндээ олон арван шилдэг эмэгтэй улстөрч, зүтгэлтнийг төрүүлсэн болоч нэг удаа эмэгтэй хүнээр удирдуулж байгаагүй аж. Тиймээс орчин үеийн чиг хандлагаа дагаад гэх үү, Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа нарыг зүтгүүлж үзэж байгаа бололтой.
Л.Мөнхбаясгалангийн хувьд Х.Баттулгын тактикийн нэг хэсэг, галыг өөр дээрээ дудаж байгаад О.Алтангэрэлийг зүтгүүлэх үүрэгтэн төдий гэгдэж байгаа бол Ж.Баярмааг Л.Мөнхбаясгалангийн эсрэг сөргүүлэн тавьсан гэж буй.
Түүхээс ч харсан, одоогийн нөхцөл байдлыг ч харсан, хувь улстөрчдийн хувьд ч боломж маш багатай нэр дэвшигчид. Жендерийн ардчилал АН-д байгаа гэлгийг харуулаад л өнгөрөх магадлал өндөр юм.
ҮБХ-ны хурлаас өмнө яригдсан, тодруулбал сошиалд өгөөш болж шидэгдсэн улстөрчдийн тухайд нэг иймэрхүү.
Гэтэл цаана нь сонгууль хийгээд сурчихсан, ҮБХ-ны гишүүдээ хайрцаглдах тал дээр түлхүү ажиллаж байгаа өөр луугарууд байхыг ч үгүйсгэхгүй. Нас, эрэмбэ, абийцыг нь бодсон ч Н.Алтанхуяг, З.Энхболд гэх мэт, гэнэтхэн өөрөө дэвшихээр шийдэж гэнэтийн бэлэг барьж чадах хуучуул байгааг сануулах юун.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна