АН-ын сонгуульд МАН-ын ашиг сонирхол нь ерөнхийдөө "Женкогийн хүн л биш бол" гэдэг дээр төвлөрч байгаа. Өнөөгийн улс төрийн хоёр гол тоглогч нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга гээд бодохоор Х.Баттулгын нөлөөг АН дотор нэмэгдүүлэхгүй, тогтоон барих бодит шаардлага МАН-д бий.
“Миний дайсны дайсан миний нөхөр” гэдэг логикоор хандаж байгаа гэсэн үг. Дээр нь, МАН дотроо томоохон өөрчлөлт эхлүүлээд удаагүй, эрх мэдлийн шинэ хуваарилалт дуусах яагаа ч үгүй байгаа нь АН-ын даргаар Х.Баттулгын хүн томилогдож, улс төрийн тэмцэлд шуудруулахгүй байх бас нэг шалтгаан.
Өөрөөр хэлбэл, МАН доторх асуудлаа шийдтэл АН намжуу тайван байх ёстой бөгөөд энэ бол МАН-ын зүгээс АН-ын даргын асуудалд нөлөөлж байгаа бол шинэ даргад тавих нэг нөхцөл яах аргагүй мөн л дөө. Л.Мөнхбаясгалан гишүүн "Манай намын даргыг АН-аас захиалдаг болж" гэж бачимдсаны шалтгаан ерөнхийдөө энэ.
Үүнээс илүү нэгнийхээ хэрэгт хошуу дүрэх нөхцөл байгаа эсэхийг мэдэхгүй ч учир мэдэх кадрууд энэ талаар бичиж байгааг бас анхаарахгүй байх аргагүй.
Тухайлбал, АН-ын анхдагчдын нэг А.Ганбаатар өчигдөр сошиал хуудастаа "Юун Баярмаа, Алтангэрэл, Мөнхбаясгалан, Лодойсамбуу гэх мэт. Маргааш АН шинэ даргаа тодруулах гээд сошиалаар дээрх хэдэн нөхдийн эргэн тойронд шуугиж байна. Хөөрхийс бас горьдоостой. Үнэн чанартаа манай төрийн эрх мэдлийг улс төр мөнгөний бүлэглэлүүд атгадаг, хэнийг дарга болгохыг тэд л шийднэ. Энд үзэл санаа, энээ тэрээ түй ч хамаагүй. Харж л байгаарай. Хэн МАН-тай найрч чаддаг, эрх мэдэл албан тушаалаар наймаалж чаддаг тийм л хүн дарга болно" гэж бичсэн.
Тэгэхээр, эхэнд бичсэн шиг МАН "Женко л биш бол хэн ч яах вэ" гэдгээсээ жаахан даврахад л А.Ганбаатар гуайн үг үнэн болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна