МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрын бэлтгэл ажилтай танилцлаа.
Энэ үеэр "Та бид хайгуул,судалгаа, эрлийн ажил энэ салбарт ямар чухал болохыг бодитоор өнөөдөр харж байна. Монгол улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө тооноос хоёр дахин бага байгаа. Энэ нь шинэ орд газар нээх боломжоо бууруулсан гэсэн үг. Тэгэхээр 1,1 сая тн зэсийн нөөцтэй, 357.0 сая тн хүдрийн нөөцтэй Оюутын ордыг ашиглалтад оруулах болсон нь түүхэн үйл явдал юм. Уг ордод 1970-аад оноос хайгуулын ажил хийгдэж эхэлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл 50 жилийн дараа энэ орд уурхай болох суурь нь дөнгөж тавигдаж байна. Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын хувьд ирэх жилээс хайгуул, судалгааны ажлаа эрчимжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, хөрөнгө оруулалт татах, иргэдээ олон мянган ажлын байраар хангах асуудлыг ярих ёстой. Дэлхий нийтэд хүний насжилт, тоо өсөхийн хэрээр хэрэглээ нэмэгдэж байна. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бид ногоон болох тэмүүлэл рүү явна.
Машин дээр авч үзье. Энгийн машинд 50 орчим кг зэс ордог бол цахилгаан машинд 100 орчим кг зэс орох жишээтэй. Бидний барьж буй гар утаснаас авхуулаад зэс ороогүй юм байхгүй. Хэрэглээ өсөхийн хэрээр хүмүүсийн амьдралын чанар сайжирдаг. Зэсийн хэрэглээ өсөхийн хэрээр хүдрийн агуулга буурч байна. Өөрөөр хэлбэл нэг тн хүдэрт байгаа зэсийн хэмжээ буурна гэсэн үг. Энэ хэрээр бид олборлолтоо нэмэгдүүлж хэрэгцээгээ хангана. Тиймээс зэсийн үнэ өсөж буй боломжийг ашиглан орд газруудаа хайж илрүүлэх зайлшгүй шаардлагатай байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.
2025.09.07
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна