Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсний ард...

Х.Батсайхан
2025/09/12

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөхөө илэрхийллээ. МАН-ын даргын сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатар нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой байсан. Харин өрсөлдөгч нь тодорхойгүй багагүй хугацаа өнгөрсний эцэст ийнхүү Д.Амарбаясгалан нэр дэвших нь тодорхой болов.

Юуны өмнө, ийм шийдвэр гаргаснаараа Д.Амарбаясглан маш том эрсдэл гаргаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй 60, 70-аад оныхны эсрэг “босож” буй 80-аад оныхон дотроо хамгийн алдах юм ихтэй нь тэр. Ерөнхий сайдын албан тушаалаасаа нэгэнт огцорсон Л.Оюун-Эрдэнэ, намын даргын асуудал шийдэгдсэний маргааш л ажлаа өгөх магадлалтай Х.Нямбаатар тэгүүтнийг бодвол түүний байдал хавьгүй эрсдэлгүй байсан. 

Гэвч энэ удаагийн намын даргын сонгуулийг өнгөрүүлэх л юм бол насны ялгаа гэдэг философи дээр нэгдэж нийлсэн журмын нөхөд нь бядгүй болж, Ерөнхийлөгчийн хүч нөлөө үлэмж бэхжих тул яах аргагүй урагш гарах зоригтой сонголтыг хийлээ гэж харагдана.

Тэрбээр нэр дэвшихээ илэрхийлсэн мэдээллийнхээ эхэнд иргэдэд ээлтэй татварын тогтолцоог бий болгох, хувийн хэвшилдээ шүтэх, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зэрэг асуудлуудаар тодорхой ажлууд хийнэ гэдгээ танилцуулсан. Хэдий УИХ-ын Намрын чуулганаар хийх ажлаа танилцуулж байгаа мэтээр ярьсан ч түүний энэ үг намын дарга, цаашлаад Ерөнхий сайд болсон тохиолдолд хийх ажлаа хэлж байгаа мэт байсан юм.   

Өөр нэг анхаарах ёстой зүйл нь, тэрбээр намын даргад өрсөлдөхөө зарласан хэвлэлийн хурал дээрээ “Парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх, улс төрийн намуудыг институцжих асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн” гэж мэдэгдсэн. Тэр тусмаа Парламентын засаглалыг онцолж, “Парламентын засаглалыг бэхжүүлэх, “Үндсэн хуульд заасаг Парламентын засаглалыг…”, “Хоёр их гүрний дунд орших ардчилсан Монгол Улс, ардчилсан Парламентынхаа дархлааг улам бүр баталгаажуулж явах ёстой” гэх зэргээр гурван ч удаа дурдсан нь асуудлыг жирийн нэг улс төрийн намын сонгууль биш гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.

Түүнчлэн, хувь хүн бус, хууль засаглах, нэг хүн биш хамтын удирдлагатай байх асуудлыг олон дахин хөндөв. 

Жишээ нь "Монгол Улс хувь хүн бус, хууль засагладаг эрхзүйт төртэй байх ёстой. Үүний төлөө үе, үеийн нам, парламент ажиллаж ирсэн" гэсэн бол намынхаа талаар “…Хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө…“ МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн нь хэрвээ нөгөө талаас дарга сонгогдвол МАН-д хамтын удирдлага үгүй болж, хувь хүний удирдлагад шилжих эрсдэл байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүллээ.  

Эцэст нь, “МАН мандан бадрах болтугай” биш, “Миний Монголын мөнх хөх тэнгэр, хөгжил дэвшил үүрд мандан бадрах болтугай” гэсэн нь асуудал улс орны ирээдүйтэй холбоотой үр дагавартай байх болно гэдгийг илэрхийлж байна гэж ойлгогдлоо.

Ерөнхий сайд болсон цагаасаа хойш МАН-ын даргын өрсөлдөөнд ганцаараа нэрлэгдэж байсан Г.Занданшатарын өрсөлдөгч ийнхүү тодорхой болж, эхний мэдэгдлээрээ л үзэл баримтлал, намын дарга болсон тохиолдолд хийх ажил, амлалтаа зарлалаа.  



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.11
    2025/09/14

    Одоо уул нь дахиад нэг өрсөлдөгч гараад ирдэг бол маш сайхан юм болно.

    Хариулах
  • 202.126.89.204
    2025/09/14

    Хүн нь маш зөв хүн шүү Ямарч байсан өөрийгөө биш намаа, улсаа, засгийн газраа , хамт олноо бодож ажилладаг хүн шүү дэмжицгээё

    Хариулах
  • 103.212.116.139
    2025/09/13

    манай сэтгүүлчид үнэн чадваргүй, эсвэл аймхай, эсвэл захиалгаар бичдэг.

    Хариулах
  • 66.181.183.120
    2025/09/13

    одоогоор гарха цаг нь биш залуус нэг хэмэгтэй зүгээр тайван бай бүү яар

    Хариулах
  • 66.181.190.205
    2025/09/12

    МАН ыг олон сонгуульд ялуулсан хүн шүү . Дараа дараагийн сонгуульд ч намаа ялалтанд хүргэх л байх шүү!!!

    Хариулах
  • 59.153.114.150
    2025/09/12

    10 тэрбум долларын хэргээ яах юм бэ? тэрийг шалгаж үнэн мөнийг нь олоогүй байхад даргын сунгаанд оролцож болдог юм уу,

    Хариулах