Х.Ганхуяг: Татаас, урсгал шилжүүлэг төсвийн нийт урсгал зардлын 50 гаруй хувь болчихоод байна

Zuv.mn
2 цаг 36 минутын өмнө

УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр төрөөс өгдөг элдэв төрлийн татаасын төсөвт эзлэх жин нэмэгдсээр байгааг хатуу шүүмжиллээ.

Тэрбээр “Татаас, урсгал шилжүүлэг төсвийн нийт урсгал зардлын 50 гаруй хувьд хүрээд байна. Бид хууль батлахдаа “Хонины ноосны урамшуулал”, ”Сарлагийн хөөврийн урамшуулал гээд өгөөд явчихдаг. Татаас өгч болно л доо. Гэхдээ хугацаатай баймаар байна. Тэгэхгүй бол мөнхийн үргэлжилчихээр төсөвт эзэлж байгаа дүн нь жилээс жилд нэмэгдээд явчих юм.

“Цагаан алт” гээд нэмэгдсэн, “Хүнсний хувьсгал” гээд нэмэгдэж байна. Зарим нь нэмэгдэж байхад зарим нь хасагдаж байдаг баймаар байна. Татаас удаан үргэлжлэхээр авлига өдөөдөг, шударга өрсөлдөөнийг боомилдог, үнэ өсгөдөг, ар өврийн хаалгаар шийдэгддэг л зүйл болдог. Тиймээс эхнээс нь гурван жил, таван жил гэдэг ч юм уу, хатуу хугацаа тавьдаг болмоор байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Гишүүний байр суурьт дурдагдсан “Цагаан алт” хөтөлбөрийг 2028 он хүртэл 2.1 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэсэн мэдээлэл гарсан байх бөгөөд жилд 200 орчим тэрбум төгрөгийг төсвөөс, 400 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна