Засгийн газар Стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр эхлүүлсэн тухайгаа мэдэгдсэн билээ. ЭНэ ажил нь өнгөрсөн сонгуулийн өмнө батлагдсан Баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа бөгөөд, иргэдийн хувьд амин чухал төдийгүй, эрх баригч МАН-ын тухайд сонгуульд ялах гол хөзөр байсан гэдгээрээ ач холбогдолтой юм.
Бид энэ удаад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлэлцээр нь өнөөдөр эхэлнэ гэж мэдэгдсэн Нарийн сухайтын бүлэг ордын асуудлыг хөндөж байна.
Төр Нарийнсухайтын бүлэг ордод эзэмшлээ тогштоовол маргаашнаас нь л Үндэсний баялгийн санд хөрөнгө хуримтлуулах боломжтой
Нарийнсухайтын ордын тухайд, хувийн хэвшилд шилжсэн Стратегийн орд газруудаас хамгийн түрүүнд эргэлтэд оруулсан. Энэ утгаараа хөрөнгө зөөрөө хуримтлуулж, дээрх бүх үйл явцыг бүр эхнээс бүгдийг нь үзэж туулсан, магадгүй сүүлийн гурван жилд нь Ухаа худаг, “Энержи ресурс”-ийн хамт голлох үүрэгтэй байсан орд юм.
2005 он. Тавантолгойтой эн зэрэгцэхүйц, сайн чанарын эрчим хүчний нүүрстэй Нарийн сухайт ордыг БНМАУ 1971, 1992 онд нарийвчилсан хайгуул хийж, 125.5 сая тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоож, Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан байдаг.
Энэ ордын лицензийг одоогийн МАК 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эзэмшсэн. Улмаар БНХАУ-ын “Чинхуа МАК” ХК-тай хамтран 2005 онд “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г /Тогтвортой байдлын гэрээ/ Засгийн газартай 10 жилийн хугацаатай байгуулжээ.
2007 он. УИХ 27 дугаар тогтоол баталж, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ашигт малтмалын ордуудыг Стратегийн ордын жагсаалтад оруулсан. “Монгол Улс уул уурхайд тулгуурлаж хөгжинө, төр өөрөө өөрийнхөө ордуудад хувь эзэмшиж, өгөөжийг нь иргэдэдээ хуваарилна” гэх, 2008 оны УИХ-ын сонгуулийг угтаж гаргасан энэ жагсаалтдаа аль хэдийнэ хөрөнгө оруулалт татаж, Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан Нарийнсухайтын нүүрсний ордыг багтаасан.
Энэ нь төр ямар ч байсан хэзээ нэгэн цагт, бүр тодруулбал, Тогтвортой байдлын гэрээ нь дуусах 2015 оноос хувь эзэмшлээ тогтооно гэж төлөвлөж байсныг харуулдаг.
МАК, Ченхуа МАК нийлээд Нарийн сухайтын уурхайгаас зөвхөн 2010 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар буюу татваргүй ухаж байх үедээ 4.022.712.24 тонн нүүрс олборлож, экспортлон Монгол Улсын уул уурхайн салбарын 88 жилийн хөгжлийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг тогтоосон гэхээр оруулсан таван сая ам.долларын хөрөнгө оруулалтаа хангалттай нөхчихсөн байсан гэсэн үг.
Нарийнсухайтын бүлэг ордод эзэн суусан ААН-үүд, түүний өгөөжийн мэдээлэл
Өмнийн говийн нүүрсний асар их нөөцтэй сав газрын яг төв нь байрлалтай, Тавантолгой, Хөшөөтийн нэгэн адил нөөц нь үлэмж нэмэгдэх магадлал өндөр Стратегийн энэ аварга орд дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ченхуа МАК", үндэсний МАК компани л Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байсан бол өдгөө хэсэгчлэн хувааж, долоон компани тус, тусдаа эзэмшиж байна.
Нарийн сухайтын ордод эзэн суусан ААН-үүдийн эзэмшиж буй нөөц, олборлолт, улсад төлсөн АМНАТ
Нарийн сухайтын бүлэг ордын бүртгэлтэй нийт нөөцийн 540 сая.тн буюу 46%-ийг "Монголын алт" (МАК) ХХК, 545 сая.тн буюу 46%-ийг "Саусгоби сэндс" ХХК, 71 сая.тн буюу 6%-ийг "Өсөх зоос" ХХК, 16 сая.тн буюу 1%-ийг "Хүрэн толгой койл майнинг" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдэд ногдож байна. Мөн ЕАИ ХХК-д 4 сая.тн, Адилцаг ХХК-д 2 сая.тн бага хэмжээний нөөц байна.
Уг нь хууль дүрмээрээ ямар нэгэн стратегийн ордыг дур мэдэн хуваах эрх хэнд ч байх ёсгүй. Гэтэл энэ ордыг хэсэг хэсгээр нь тасалчихаад, өдөр шөнөгүй цөлмөж, Ашигт малтмалын хуулийн 5.4 дэх “төрийн эзэмшлийг тогтоох” заалт хэрэгжилгүй явж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна