Ч.Номин vs Ч.Ундрам: Овог нэгт шинэ, хуучин сайдууд юунаас болж эв эвдрэв

Zuv.mn
11 цаг 9 минутын өмнө

-Хоёр улстөрч барилгаас болж муудсан уу-

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг овог ижил Ч.Ундрам, Ч.Номин хэмээх хоёр бүсгүй ээлж дараалан удирдаж байгаа билээ. 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газарт Монголын толгой баячуудын нэг “Гацуурт”-ын хэмээх Л.Чинбатын охин Ч.Номин салбарын сайдаар улирч орж ирсэн бол Г.Занданшатарын Засгийн газарт “Өсөх зоос”-ын хэмээх Ч.Чинбатын охин Ч.Ундрам сайд болсон нь сонин тохиолдол.

Төөлбөл бие чацуу, тоолбол нас ойролцоо энэ хоёр бүсгүй өнгөрсөн долоо хоногт айхавтар муудалцаж, нэг, нэгнийхээ алдааг дэлгэхийг оролдсон. Тодруулбал, Ч.Ундрам сайд “Ч.Номин сайдын үед цахим спортын “The Mongolz” багт улсын төсвөөс ссанхүүжилт олгосон. Улс төрдөө ашиглах боломжийг бүрдүүлсэн гэж сонссон” гэж мэдэгдэн, ингэхдээ MESA буюу Монголын цахим спортын холбоотой андууран  шуугиан тарьсан юм.

Тэгэхнээ нь, сайд, сайд асан хоёр бүсгүйн муудалцсаны шалтгаан нь улсын төсөв байсан байж тун магадгүй нь. 

Ч.Номин сайд байхдаа Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилга бариулахаар зураг төсвийг нь батлуулж, Хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан юм байна. Гэтэл Ч.Ундрам сайд болоод өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд дээрх хоёр барилгыг нь хасаад Ховд, Хөвсгөлд спорт заал, Сэлэнгэ аймагт Спорт цогцолбор, Баян-Өлгийд Аялал жуулчлал, спортын цогцолбор оруулаад ирсэн аж.

Сэлэнгэ аймгийн Спорт цогцолбор гэдэг нь Ч.Ундрам нэгэнтээ төсөвт оруулах гэж зүтгэж, Л.Энх-Амгалан сайдын багцаас төсвийг нь “булаахаар” завдаж байсан тэр цогцолбор нь байж тун магадгүй.

Ч.Номин үүнийг нь Чуулган дээр зад шүүмжилж, “Зураг төсөвгүй, Хөгжлийн төлөвлөгөөнд байхгүй” гэх зэргээр өөлсөн нь Ч.Ундрам сайдыг эгдүүг хүргэсэн бололтой.

Нэг талаар, бидний хийх гэж оролдоод байгаа төсвийн шинэчлэлийн нэг гол зарчим нь зураг төсөвгүй барилгад хөрөнгө хуваарилахгүй байх явдал мөн. Энэ утгаараа зургаг төсөвгүй барилгууд төсвийн сул тал. Нөгөө талаар, бодлого, чиглэлтэй тохирсон ажлуудыг сайд хүн зохицуулаад шийдэх нь байх ёстой эрх мэдэл.

Гол нь, хоёр сайдын маргааны сэдэв барилга биш, бодлого байгаасай. 

Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилга нь Ч.Номин сайдын бодлого, спорт цогцолборууд нь Ч.Ундрам сайдын бодлого л байгаасай, барилга байшин, тендерийн асуудал биш байгаасай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.