Ж.Оджаргал худалч уу, Н.Учрал худалч уу

Zuv.mn
7 цаг 5 минутын өмнө

                                                                    -Баялгийн сан худлаа болох уу-

“Эм Си Эс” группын үүсгэн байгуулагч Ж.Оджаргал өнөөдөр хэвлэлд ярилцага өгч, Стратегийн ордуудын талаар төрөөс баримталж буй бодлого болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр энэ үеэр манай сэтгүүлчийн “Стратегийн ордын асуудлаарх хэлэлцээр ширээний ард биш, хөшигний ард яваад байна уу. Өнгөрсөн хугацаанд танай компанид төрийн зүгээс шахалт ирж байв уу” гэсэн асуултад “Манайхыг ерөөсөө хэлэлцээрт уриагүй шүү дээ” гэж хариулсан нь анхаарал татав.

Учир нь, Намрын чуулганы бараг нээлтийн хуралдаан дээр байх, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл төр Стратегийн орд эзэмшигчдээс хувиа олж эзэмших үйл явц хэрхэн өрнөж байгаа, “Энержи ресурс” компанитай хэлэлцээр эхлүүлсэн эсэх талаар асууж,  Шадар сайд Н.Учрал “Ухаа худаг”-тай чинь хэлэлцээр эхлүүлсэн” хэмээн хэгжүүн хариулж байсан юм.

Гэтэл Ж.Оджаргал “Биднийг хэлэлцээрт ерөөсөө уриагүй шүү дээ” гэчихлээ.

Тэгэхээр эндээс “Хэн нь худлаа яриад байна вэ” гэсэн асуулт гарна.

Ж.Оджаргалын илэрхийлсэн “Стратегийн орд гэж байх зохимжгүй”, “Хөрөнгө оруулагч орж ирээд юм оллоо гэхэд тэрийг нь төр авах айдас байгаа нь хөрөнгө оруулалт татахад сөрөг нөлөөтэй” гэх зэрэг байр суурь нь анхаарах ёстой өнцөг мөн.

Гэвч нөгөө талаар, Ухаа худаг бол эргэлтэд орчихсон, Баялгийн санд шууд хөрөнгө хуримтлуулах боломжтой орд. Эндээс АМНАТ байдлаар хувь авах нь байж болох, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол бүр зүй ёсны ажил.

Гэтэл Засаг унахын өмнө хамгийн их ярианы сэдэв болж байсан /Н.Учрал өөрөө “Нуураа ч авна, худгаа ч авна” гэж мэдэгдэж байв/, магадгүй, Баялгийн санд найдвар тавьж байсан иргэдийн хувьд амин чухал асуудал болох Ухаа худаг орд, “Эм Си Эс” компанийн асуудлаар Засгийн газар өнөөдрийг хүртэл дүр эсгэж жүжиглэж ирсэн хэрэг үү гэдэг бол яах аргагүй том асуудал мөн.

Учир нь, Ухаа худагийн асуудал нь Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломж бүхий бусад ордуудтай хийх хэлэлцээр хэрхэн явагдах жишгийг тогтоож өгнө гэсэн хүлээлт байсан. Угаасаа “Эхлээд Эм Си Эстай учраа олж, яаж тохиролцохоо харуулчих, тэгээд бид шийдвэрээ гаргана” гэсэн барьцсан шинжтэй яриаг ч гаргаж байсан.

Тиймээс төр одоо Ухаа худагийн асуудлаар Ж.Оджаргалд буулт хийвэл Баялгийн санд хөрөнгө төвлөрнө, монголчууд баялгийнхаа өгөөжийг хүртэж амьдралын баталгаагаа болгоно гэдэг лөөлөө болох юм.

Хэрвээ Баялгийн сан хупдлаа болбол эрх баригч нам 2024 оны УИХ-ын сонгуулийг иргэдийн "тархийг угааж" ялсан гэх асуудал болж  томрох ч боломжтой юм. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг хууль бусаар авав уу, сүүлд ямар нэгэн байдлаар бодлогоо орвонгоор өөрчлөх хэмжээний өөрчлөлт гарчихав уу гэдэг асуудлтын хариуг олох хэрэг гарна.  

Ж.Оджаргал нэгэнт мэдэгдэл хийсэн учир одоо Н.Учрал хүссэн хүсээгүй энэ асуудлаар мэдэгдэл хийх шаардлагатай боллоо.          



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна