Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 10-ны хуралдаанаараа тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалж буй тус ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийв.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонссон юм. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.
Хуралдаанд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, ипотекийн зээлийн хүртээмж, эргэн төлөлт болон Монголын Ипотекийн корпорацийн оролцогч талууд, Монголбанкны оролцоо, үүрэг, барилга, орон сууцжуулалтын бодлого, чиглэлийн талаар асууж, мэдээлэл авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна