Г.Занданшатар: Би Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй

Х.Есү
14 цаг 17 минутын өмнө

Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Г.Занданшатар: "Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. 

Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байсан. Энэ бол нүүрсний үнэ буурснаас шалтгаалсан. 

Би ажлаа аваад анх удаа түүхэндээ улсын төсвөө 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотголыг хийсэн. Өнөөдөр эдийн засаг сэргэсэн байна. Наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. Эрдэнэс тавантолгойд онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6 дахин өссөн. Биржийн тээвэр 1.5 дахин өссөн. Экспорт 1.2 дахин өссөн. Үр ашиг нь гурав дахин өссөн. Орлого 1.3 дахин өссөн. Олборлолт нь 1.3 дахин өссөн. Энэ бүхэн бол тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. 

Тэнд явагдсан хяналт шалгалтын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил тод болсон. Бүгдийг нотолгоотой баримттай АТГ-д шилжүүлсэн. 

Эдийн Засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолыг төслийг Улсын төсөвтэй хамт УИХ-д өргөн барьсан. 

Энэ Бортээгийн ордыг ашиглах тогтоолыг өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудманд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээллттэй сонсгол зохион байгуулж байсан. 

Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан. 

Өнөөдөр эвлэлдэн нэгдэх асуудал ярьж байна. Эв нэгдэл шударга ёс дээр тулгуурлах ёстой. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа мэдэгдэж байна. 

Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд түүнийг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна