УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Бүгд найрамдах Польш улсын парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга С.Горчыца тэргүүтэй тус улсын парламентын дээд ба доод тэнхимийн гишүүдийг 2025 оны 10-р сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.
Польш улс хүнс, хөдөө аж ахуйн томоохон тоглогч бөгөөд газар тариалан, мал аж ахуйн түүхий эд боловсруулах машин механизмын үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн аж.
Монголын бэлчээрийн мал аж ахуйд мал нядалгаа, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах зөөврийн тоног төхөөрөмж тохиромжтой талаар, мөн хүн ам төвлөрсөн төвийн бүсэд Польшоос технологи, туршлага нэвтрүүлэх боломжтой талаар ноён Сеймийн гишүүн С.Горчыца санал бодлоо хуваалцав. Тэрээр жишээ болгон тус улсын Вармиан-Масуриан мужид байдаг 6,000 үнээний фермыг 12 хүн ажиллуулдаг бөгөөд энэ мэтчилэн мал аж ахуй бүрэн автоматжиж, үйлдвэрлэлийн үр ашиг өндөр түвшинд хүрсэн талаар мэдээлэв.
Монголын түүхий эдийг боловсруулж, гуравдагч зах зээлд гаргах чиглэлээр Польшийн хөрөнгө оруулагч нартай хамтарч ажиллах боломжийг олж харснаа ноён Сенатор Кажимеж Клейя хуваалцав.
УИХ-ын гишүүн Б.Бейсен хоёр орны парламент дахь байнгын хороодоор дамжуулан эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих, Монголд орны ашиглагдаагүй байгаа арвин их нөөц боломжийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, газар тариалангийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, малын түүхий эдийг бүрэн боловсруулдаг болох, малын эрүүл ахуй, эм бэлдмэлийн чиглэлд мөн хамтарч ажиллах санал тавив.
Уулзалтад Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Н.Оюундарь оролцож хоёр орны эдийн засгийн харилцаанд хүрсэн үр дүнг дурдаад, одоогийн худалдаа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн салбар голлох нөлөөтэйг цохон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд цаашид бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд мэдээллээ сайтар солилцож, хамтарч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлж, Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны хурлаар хэлэлцэн оновчтой санал санаачлагуудаа бодит төсөл хөтөлбөр болгоно гэдэгт итгэж байгаагаа УИХ дахь Монгол-Польшийн бүлгийн дарга Ж.Золжаргал илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна