Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа

Zuv.mn
15 цаг 15 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.10.07) Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив.


Тэрбээр, 1.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн “онцгой бүрэн эрхийнхээ” дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө Улсын Их Хуралд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэжээ. Үндсэн хууль, аливаа хуулийн “Үг, өгүүлбэр төдийгүй, цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай.” Үндсэн хуулийг жижгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 70-р зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна хэмээн танилцууллаа.

2.Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно...”, 49.2 дахь хэсэгт “...Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн.

3.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8-р сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болоод байна.

“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна