Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, Өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай

С.Гандэлгэр
7 цаг 21 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан "Өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай" гэлээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Г.Занданшатар дарга аа, Өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай. Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл.

Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа. Ер нь Бодь группын оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна.

Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй Бодь группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан.

Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай.

Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавъя" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 109.252.140.212
    2 цагийн өмнө

    Гол хун нь амарбаясаглан шуу дээ. Буруугаа бусадад буу нялзаа. Шоронд явах чинь дутажбайна .чи уих удирдах ес зуй байхгуй.

    Хариулах
  • 103.10.23.120
    2 цагийн өмнө

    НҮҮРСЧИН дээлээ бэлдээд сууж байгаарай

    Хариулах