О.Цогтгэрэл даргын улс төрийн мэдрэмжийг хэн БАРЬЦААЛАВ

Zuv.mn
7 цаг 5 минутын өмнө

-АН-ын даргын ойлгомжгүй байдал АН-ыг дахиад хагалж магадгүй боллоо-

Бусдыг хагалах гэж байгаад өөрсдөө хагарчихдаг гэм Ардчилсан намд бий. 10 гаруй жилийн өмнө Ц.Элбэгдорж Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг авч өгч хагалсан ч 2016 оны сонгуулийн дараа өөрсдөө хоёр, сүүлдээ гурав ч гэж хэлж болохоор хагарч, Парламентын гадна шахуу явсаар 2024 оны оны сонгуулийн өмнө л эвлэхчээ аядсан.

Тэгвэл МАН-ын талцлаас болж дахин өмнөх нөхцөл байдал руугаа орж магадгүй боллоо.

Эрх баригч намын хагарал уг нь сөрөг хүчинд давуу тал авчирдаг. Гэтэл одоогийн АН-д тийм байдал харагдахгүй, даргын сонгуулиа хэл амгүй хийсэн л болохоос МАН-аас ялгаагүй талцсан байдалд орчихлоо.

Намын дарга О.Цогтгэрэлийн хэн нэгэнд барьцаалагдсан мэт ойлгомжгүй байдал ийм байдлыг үүсгэж байна.

УИХ-ын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт бүтэн зогссон. Зүй нь, ийм үед АН-ын гишүүд Байнгын хороо, чуулган хуралддаг танхимдаа бүгдээрээ орж суучихаад хуралдаа ирэхийг суухыг МАН-ынхаас шаардаж байх ёстой байв.

О.Цогтгэрэл харин МАН-ын дотоод зодоон улс орны эрх ашигийг хохироох ёсгүй гэж хэлээд сууж байх байлаа.

Гэтэл эсрэгээрээ УИХ-ын чуулганыг хясан боох шийдвэр гаргаж гайхуулав. Дараа нь “Улс төрийн зөвлөлөөс зөвлөмж өгсөн” гэдгээр Чуулганы танхимд бүлгийнхээ гишүүдийг хайрцаглахыг оролдож, “Намынхаа бодлогын шийдвэр хамаагүй гэвэл чуулгандаа ирээд суу л даа” гэж сүрдүүлээд хурал орхиж гарсан. Ёстой л өөрийнх нь хэлснээр завсарлага аваагүй нь их юм болсон.

Түүний энэ ойлгомжгүй байдал намын дарга болохоос нь өмнө нэг журмын нөхөр нь “Хэн АН-ын дарга болохыг хараарай. МАН-тай хамгийн сайн тохиролцож чаддаг хүн нь болно” гэж хэлж байсныг сануулах шиг.

АН хэдий нэгдмэл бодлоготой ч МАН биш. Удирдах зөвлөлөөрөө шийдвэр гаргуулаад бүлгээ хайрцагдаж, зөрсөн гишүүнээ шийтгэх, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж сүрдүүлдэг МАН биш. Гишүүд нь угаасаа тийм байж чадах ч үгүй. Гэтэл “Одоо бодлогын нам болно” гэж амлаад, чухам либерал юм ярьж байсан хүн МАН шиг байдал цухалзуулсан нь гайхал төрүүлж байна.

Өнөөдөр үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал нэг тийшээ шийдэгдэхэд АН-ын байр суурь чухал үүрэгтэй. Жаахан онцгүй л байх, гэхдээ яг үнэндээ МАН-ын Засаг тогтворгүй байвал рейтингээрээ тэргүүлж яваа Ардчилсан намд л ашигтай. Сөрөг хүчний намын даргад энэнээс өөр ямар хожоо байх ёстой вэ.

Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийг харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд байсан, тэдэнтэй ойр байсан хүмүүс байна. Тэгэхээр уурлаж байгааг нь ойлгож болно. Харин гишүүдээ чуулганд суулгахгүй хэмээн, МАН-ын даргын сонгуулийг сунжруулахад илүү анхаарч байгаа нь сонин байна.

О.Цогтгэрэл даргад чухам ямар сонирхол байгаа юм бол.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна