Бид нэг юм биш, нэлээд юм үзнэ

Х.Батсайхан
12 цаг 24 минутын өмнө

-Улсаа эмх замбараагүй болгож, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гээгүй л бол Ашигт малтмалын тухай хуулийн 5.7 дугаар заалтыг өөрчлөх хэрэгтэй-


Би бээр өнгөрсөн тавдугаар сард, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох үйл явц болж байх үед  "Улсаа эмх замбараагүй болгож, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гээгүй л бол Ашигт малтмалын тухай хуулийн 5.7 дугаар заалтыг өөрчлөх хэрэгтэй" хэмээн бичиж байсан билээ. Түүнд "Энэ заалтыг өөрчлөхгүй бол шинээр гарах Засаг ч Хамтарсан Засгийн газрын хувь заяаг давтахгүй гэх баталгаа алга" хэмээн бичиж байсан. 

Түүнээс хойш Шинэ Засгийн газар гарч ирээд гурван сар гаруй, Намрын чуулган эхлээд сар гаруй боллоо. Өнөөх гайтай заалтыг өөрчилсөнгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-д Стратегийн ордод нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн хувь эзэмшлийг 34 хувиар хязгаарлах талаар заасан байдаг бөгөөд энэ нь мэдээж, эрх баригчдад асар том давуу талыг авчирч байгаа. Миний санахаар, "Эм Си Эс" группын Ж.Оджаргал Ухаа худагийн 34 хувийг төрд өгөхийг зөвшөөрч байсан. Гагцхүү "100 хувь төрд авна" гэж зүтгэж байсан, дээр нь Ашигт Малтмалын тухай хуулийн 5.7 дугаар заалтаар шахалт үзүүлж байснаас болж Засгийн газар унасан гэж үздэгээ нуухгүй. 

Шинэ Засаг гараад Ухаа худаг-ийг 100 хувь төрийн мэдэлд авах хатуу байр суурь өөрчлөгдөж байгаа нь илт байгаа, тэр нь ч зөв. 

Гэвч хөрөнгөтнүүдийг Засгийн газрын эсрэг турхирч, улмаар төр засаг тогтворгүй, ойр, ойрхон солигдох нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй Ашигт малтмалын тухай хуулийн 5.7 дугаар заалт цаашдаа хөрөнгөтнүүдийг төртэй тэрсэлдүүлсээр байна, яваандаа үймээн самуунд хүргэж ч болзошгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5, 5.6 бол хэрэгжинэ, ямар ч асуудал байхгүй. Учир нь, эзэмшигчид нь 56 хувь буюу хяналтын багцаа аваад үлдчихнэ. Орд нь хэдий ард түмнийх ч гэсэн эргэлтэд оруулахын тулд гаргасан хөдөлмөрийг нь үгүйсгэж хэзээ ч болохгүй. Стратегийн ордыг эргэлтэд оруулах чадамж ААН болгонд байдаг ч юм биш. 

Гэтэл нөгөө талаас, хуулийг УИХ баталдаг, Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Ерөнхий сайд хэн байхаас үл хамаараад хууль хэрэгжүүлнэ, Стратегийн орд эзэмшигчдэд 34 хувийг л үлдээж, үлдсэнийг нь бусдад шилжүүлнэ гэж зүтгэнэ. Хөрөнгөтнүүд мэдээж, хөрөнгөө зүгээр өгөхгүй. Хэн ч хөдөлмөрөө бусдын хоол болгохгүй. Тиймээс тэмцэнэ, Засгийн газрыг огцруулж хугацаа хожно. Ийм мөнхийн эмх замбараагүй байдлын цикл рүү орчих эрсдэл маш өндөр болчихлоо.

Энэ эрсдлээс зайлсхийхийн тулд УИХ одоо эртхэн дээр нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-гоо эргэн харж, Засгийн газарт тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал байна. 

Гэхдээ өөрчилж байна гэж туйлшраад Стратегийн орд гэдэг ойлголтыг үгүй хийж, 5.4, 5.5, 5.6 -г бас авч хаяна гэж туйлширч болохгүй. Ард түмний төлөөлөл болсон УИХ ард түмнийхээ хүсэл сонирхлоос урвасан хэрэг болно. 

Харин 5.7-г хасахгүй л бол "Хонгилын түлхүүрийн эзэн л солигдоно, хонгил нурахгүй" гэдэг шиг юм болж, Засгийн газрууд огцорсоор л байх болно гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газрын асуудал дөнгөж эхлэл, бид нэг биш нэлээд юм үзнэ. 

Харин Төрийн гурван өндөрлөг хоорондоо тохироод Ашигт малтмалын 5.7-г эргэж харна, Үндэсний баялгийн санг буюу ард иргэдийг хохироохгүй, хөрөнгөтөн эздийг ч хохироохгүй дундын гарц олно  гэчих юм бол байдал огт өөр болно. Тэд ч бас Монгол Улсын иргэд. Эд хөрөнгө олж авах, хамгаалуулах эрхтэй. Яг одоо тийм боломж байна. 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.

5.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

Өмнөх нийтлэл: https://zuv.mn/n/19r0



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.191
    3 цагийн өмнө

    Эдийн засгийн анхан шатны мэдлэггүй хүмүүс төр барьж тоглохоо болино уу? 34% эзэмшинэ гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулах юм уу ордоо үнэлээд авах юм уу? Юугаа ч ойлгоогүй дебилүүд сэтгэл хөөрлөөр ийм заалт оруулчихаад тойрч улстөр хийгээд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа үргээж хөөгөөд дэлхийн шившиг болж байна. Та нарын дураар юм гэж юу байхав. Гэрээ хэлэлцээр, бизнест 50/50 ашиг гэж байна уу гэхээс давуу эрх гэж байдаггүй юм. Буруу аргаар төрд шургалчихаад улсын орлогыг хувьдаа завшиж идэж ууж бирд болсон нөхдийн хэрэг эхнээсээ сөхөгдөж эхлэнгүүт амиа тавьж байна цаа чинь. Одоо болно хөөе!!!! Үйлийн үрээ эдлэхэд бэлдээд байж бай !!!

    Хариулах
  • 66.181.181.77
    9 цагийн өмнө

    Хулгайчууд л бичиж бхгүй юу даа

    Хариулах
  • 66.181.189.223
    10 цагийн өмнө

    Энэ хэн бичээд байгаа юм бэ , нэр эзнийн тавиач

    Хариулах