О.Цогтгэрэл Г.Занданшатарын Засгийн газрыг авч үлдэх үү

С.Гандэлгэр
2025/10/13

Г.Занданшатарын Засгийн газар огцрох эсэхийг өнөөдөр /2025.10.13/ Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Өнгөрсөн баасан гарагт шийдвэрлэчих асуудал чухам юунаас болж хойшилсон нь анхаарал татаж буй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын дийлэнх олонх гишүүд Засгийн газрыг огцруулахгүй байх сонирхолтой байгаа гэнэ. 

АН-ын дарга О.Цогтгэрэл эртнээс л Ерөнхий сайд Г.Занданшатартай нэр холбогдож, Засгийн газарт хамтрах асуудал хөндөгдөж байсан. Тиймдээ ч Ерөнхий сайдын асуудлаар АН-ын бүлэг өнөөг хүртэл тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна. Магадгүй эл эс үйлдэхүй нь ч Ерөнхий сайдыг огцруулахгүй байх зорилготой байх вий гэх хардлага улс төрийн хүрээнд яригдаж буй. 

Үүнтэй холбогдуулан АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа УИХ-ын гишүүдтэй биечлэн уулзаж УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуруулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тэгэхээр эндээс нэг таамаг гарч ирж байгаа нь АН-ын дарга Ерөнхий сайд Г.Занданшатарын талд байгаа бөгөөд УИХ-ын чуулганаар эл асуудал хэлэлцэгдэх үед нэг бол огцруулахгүй байх талд кноп дарах эсхүл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй байх зэрэг шийдвэр гаргах магадлалтай юм. 

Харин нөгөө талд УИХ дахь АН-ын зарим гишүүд Засгийн газрыг ч, УИХ-ын даргыг ч огцруулчихъя гэдэг саналтай байгаа аж. Эрх баригчид ингэж маргалдаж байгаа нь улс орны хувьд таагүй үйл явдал ч сөрөг хүчний хувьд бол "боломж". 

Учир нь, АН одоо нэр хүндээрээ МАН-ын дээр байгаа. О.Цогтгэрэлийн хувьд намын дарга болсныхоо дараа "Дараалсан, давхар ялалт" авна гэж амалсан, сөрөг хүчний хувьд 2027, 2028 оныг чиглэсэн марафон нь аль хэдийнэ эхэлчихсэн яваа.

 Ямартай ч Засгийн хувь заяаг АН шийдэх нь үнэн бөгөөд бүлгийн шийд гаргах уу, задгайгаар буюу гишүүд нь өөрсдийн итгэл үнэмшлээр кнопоо дарах уу гэдэг л асуулт үлдсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.215
    2025/10/14

    Авч үлдээд, Үр дүн нь юу хүлээж байгаа бол..,⁉️‼️

    Хариулах