БНСУ: 600 жилийн өмнө живсэн хөлөг онгоцны үлдэгдлийг гаргаж ирэв

Zuv.mn
3 цаг 24 минутын өмнө

БНСУ-ын археологичид Жосоны эриний (1392-1910) үед хамаарах ачааны хөлгийн бүрэн үлдэгдлийг өчигдөр уснаас гаргажээ. Эрдэмтэд өмнө нь уг хөлгийг усан доор буюу бүтэц нь алдагдаагүй байдлаар нь 10 жилийн турш судалсан бөгөөд итгэлтэй болсныхоо дараа илүү нарийн судалгаа хийхээр ийнхүү газар дээр гаргаж ирж байгаа нь энэ юм байна.

“Мадо 4” гэж нэрлэгдсэн энэхүү ачааны онгоц нь эртний Жосон улсын татвар, ложистик, далайн дэд бүтцээс гадна шинжлэх ухаан, техник, технологийн талаарх олон шинэ мэдээллийг өгсөн. Газар дээр гаргаж судалснаар бүр илүүг олж мэднэ гэж эрдэмтэд найдаж байгаа аж. Учир нь, “Мадо 4” нь одоогоор усан доороос бүрэн ухаж гаргасан Жосоны эриний үед хамаарах цорын ганц хөлөг онгоц ажээ.


“Мадо 4”-ийг анх 2015 онд Өмнөд Чуньчон мужийн Тэян хотын ойролцоогоос олж илрүүлсэн юм. Эрдэмтэд онгоцноос 120 гаруй эд өлгийн зүйлс олсон бөгөөд тэдэн дунд очих газрыг тэмдэглэл бүхий модон шошго, Засгийн газрын хэрэгцээнд зориулж хийсэн будаатай сав, шаазан эдлэл зэрэг байсан нь уг хөлөг онгоцыг Жосоны төрийн албаных болохыг илтгэж байсан бөгөөд эрдэмтэд судлаад, татварын үр тариа, албан ёсны бараа бүтээгдэхүүнийг мужийн агуулахаас хааны нийслэл Ханьян буюу одоогийн Сөүл хот руу зөөдөг "жоун" гэх улсын тээврийн системийн нэг хөлөг болохыг тогтоож байжээ. Мөн хөлөг онгоцыг зөвхөн модоор холбодог гэдгийг үгүйсгэсэн төмөр хадаасан холбоосууд олдож, шинэ нээлт болж байсан аж.


Судалгааг хийж буй эрдэмтдийн багийн нэгэн гишүүн "Энэ бол зүгээр нэг хөлөг онгоц биш. Энэ бол Жосоны дэд бүтэц гэрэлд гарч ирж байгаа хэрэг. Энэ хөлөг "Энэ нь эртний төрийн албан тушаалтнууд хоол хүнс, бараа, мэдээллийг хэрхэн зөөж байсныг харуулж байна" гэж хэлжээ.

“Мадо 4” хөлөг онгоцыг 1420 оны орчимд Өмнөд Жолла мужийн бүс нутгийн үр тариа цуглуулах төв болох Нажугаас Сөүл рүү аялж байхдаа живсэн гэж үздэг байна. Энэ зам нь хүчтэй далайн түрлэг, чулуурхаг гарцуудыг дайран өнгөрдөг онцлогтой тул хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэж, үлдэгдлийг нь элс, шаврын давхаргын дор хадгалсан байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна