Домогт “Ялла” хамтлагийн бүрэлдэхүүнд 50 гаруй жилийг үдэж буй, хамтлагийн ахлагч Фаррух Закировын “Экспресс газета” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зургаан БНУ түүнд “Ардын жүжигчин” цолоо хүртээсэн бөгөөд төрөлх Узбекистан нь 2002-2004 онд Соёлын сайдын орлогчоор ажиллуулж байв. Он гараад нас сүүдэр 80 хүрэх ч тэрбээр эрч хүчтэй хэвээрээ, уран бүтээлээ туурвиж, урлагийнхаа тогоонд чанагдсаар явна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 онд сүүлийн 10 жилд "Ялла" хамтлагтайгаа хийж бүтээснийг нь үнэлэн "Найрамдал" одонгоор шагнасан гэхээр түүний хэр идэвхитэй байгааг харж болох биз ээ. Тэрбээр энэ оны таван сард одонгоо ОХУ-д очиж авсан.
Фаррухын аав Карим нь нь дуурийн дуучин, Узбекистаны Ардын жүжигчин цолтой, ээж нь ардын дуучин байсан ажээ. Тэдний авьяас хүүхдүүдэд нь ч өвлөгдөж, бүгд дуучин болсон байна. Фаррух ах, эгч нарынхаа адилаар насаараа урлагийн тогоонд чанагдаж яваа. Тэрбээр сайдын суудалд заларч байхдаа ч хааяа энд тэндэхийн хуриманд дуулчихдаг байсан гэдэг.
-Фарух Каримович, урлагийн тайзнаас шууд сайдын суудалд суух амаргүй. Гэтэл та ердөө хоёр жил болоод ажлаа өгчихсөн. Яагаад вэ?
-Миний хувьд, сайдын суудлыг өгснийхөө дараа сэтгэл санаа уужраад л явчихсан шүү. Урлагийн тогоонд чанагдаж яваагийн хувьд салбарынхаа зовлон жаргалыг дэндүү сайн мэднэ. Гэтэл удирдах албан тушаалд очоод тэдэнд бас л өөрийн гэсэн зовлон байдгийг мэдэрсэн. Сайд нарын дундахь цагаан хэрээ байхаас залхсан, тэгээд л ажлаа өгье, гэрлэе гэж шийдсэн.
-Сайдын зөөлөн суудлыг орхиход хэцүү байгаагүй юу. Хэн бүхэнд олддог албан тушаал биш шүү дээ?
-Сайдын машины дугаараа хураалгахад л жаахан харамсах сэтгэл төрсөн (инээв). Ийм дугаартай явахад замын цагдаа нар зогсоодоггүй юм л даа. Сайд байхад жолоочтой байлаа. Тэр нөхрийн удаан явна гэж юүхэв. Тогтмол 65 км/цаг хурдтай. Жаахан уур нь хүрсэн үедээ бүүр удаан явна гээч. Хамтлагийнхаа ажлыг хөөцөлдөж, ажил амжуулж явсаар адгуу зантай болсон миний хувь энэ бол там байлаа. Тэгээд л өөрөө машинаа барьдаг болсон.
-Танай хамтлагийн алтан хит ”Учкудук”-ийг олон нийтэд сонсгохыг хориглож байсан гэлцдэг?
-Тийм ээ. Учкудук 1979 он хүртэл хаалттай, үйлдвэрийн хот байсан юм. Бид 1980 онд тоглолтоор очоод байлаа. Хотод нь ирж тоглосных гэнэтийн бэлэг барья гэж бодоод яруу найрагч Юрий Энтимтэй хамтран дуу хийхээр болсон юм. Хотын гудамжаар хэсэг зугаалсныхаа дараа тэрээр хэдхэн минутын дотор л шүлгээ бэлэн болгосон. Би гитар дээрээ аяыг нь хийж, оройны тоглолт дээр дуулж байлаа. Тохиолдлоор тэр тоглолтыг Узбекистаны Коммунист намын төв хорооны гишүүн үзэж таарсан. Тэгээд тоглолтын дараа надтай уулзаж “Учкудукийн тухай дуу хийнэ гэнэ ээ. Өмнө нь хэн ч энэ хотын тухай дуу шүлэг зохиож байгаагүй” гэж өгүүлсэн. Түүнийг аялдан дагагчид энэ дууг дахин дуулахыг хориглосноор жил гаран шүүгээнд хэвтсэн. Гэвч айдас, эрсдэлээс айдаггүй хүмүүс олдсон. Тэд “Учкудук”-ийг Төв телевизээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн юм. Сүүлд нь би тэр нөхөртэй уулзсан л даа.
Узбекистанд хуримын дууч хийнэ гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Хүмүүс алдартай дуучдыг хуримандаа урихыг хүсдэг.
-Таныг сайд байхдаа ч амралтын өдрүүдээрээ хуримын дууч хийдэг байсан гэдэг?
-Яг үнэн. Узбекистанд хуримын дууч хийнэ гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Хүмүүс алдартай дуучдыг хуримандаа урихыг хүсдэг. Тэгээд надад хандахад би юундаа татгалзах билээ.
-Та хувийн орон сууцанд амьдарч байна уу, эсвэл орон сууцанд амьдарч байна уу?
-2011 онд л өөрийн гэсэн байшингаа барьсан. Одоо тэнд эхнэр Аннатайгаа хамт амьдарч байна. Би их удаан гэрлэлгүй явсан л даа. Анхны эхнэр маань эхлээд манай найзтай үерхдэг байсан юм. Гэтэл би тэдний харьцааг хөндлөнгөөс ажиглаж байхдаа сэтгэл алдарсан. Гэр бүл маань биднийг тохирохгүй гээд гэрлэхийг эсэргүүцсэн ч би зөрсөөр байгаад гэрлэж байлаа. Гэвч дараа нь гэр бүлийнхний зөвлөгөө үнэн байсныг ойлгосон л доо. Болохгүй юм болдоггүй л юм билээ. Саид хүү маань төрсний дараа ч байдал сайжирсангүй. Тэгээд л бид салсан.

-Хүүтэйгээ сайн харьцаатай байдаг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хүү маань Англи, АНУ-д Олон улсын эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Одоогийн эхнэр маань надаас 20 насаар дүү, орос бүсгүй байдаг. Бид 1986 оны “Узбек концерт”-ын үеэр танилцсан юм. Тэр маань дөнгөж 19 настай, урт гэзэгтэй охин байсан. Инээдтэй нь, тэр намайг одоо болтол овог, нэрээр минь дууддаг хэвээрээ. Гэрлэх үедээ бид ой хагастай Мишенька хэмээх хүүтэй болоод байсан. Мишка маань ахынхаа замналаар АНУ-д суралцаж байгаа. Даатгалын мэргэжилтэн болох юм.
Би “ЗХУ “Коран” судрыг уншихад тийм ч тохиромжтой газар биш нь биш. Тиймээс Аллах намайг өршөөх болтугай” гэж хариулсан юм.
-Хуучин нийгмийн талаар ярьж өгөөч?
-Хөгжилтэй байсан. Цейлонд тоглолтоор явж байхад сурвалжлагчид ярилцлага өгч байснаа санаж байна. “Зөвлөлтөд шашин шүтэхийг зөвшөөрдөг үү гэж асуухад нь “Бүх зүйл хэвийн” гэж хариуллаа. Тэгээд итгэхгүй байгаа бололтой “Тэнд хэн ч “Коран” судрыг цээжээр мэддэг үү? Та иш аваач гэдэг юм байна. Би “ЗХУ “Коран” судрыг уншихад тийм ч тохиромжтой газар биш нь биш. Тиймээс Аллах намайг өршөөх болтугай” гэж хариулсан юм. Эх орондоо ирсний дараа Төв телевизээр энэ талаар ярьсан. Шашны эрх чөлөө хангалтгүй байгаа талаар телевизээр хамгийн анх ярьсан хүн нь би. Дараахан нь дээд удирдлагууд “Коран” судрын талаар шинэ чиг хандлага баримтлах болсон. Би ч жинхэнэ утгаараа алдартан болсон доо.
-Аялан тоглолтоор явж байхад сонирхолтой тохиолдол их гарна биз?
-Афганистанд тоглолтоор очоод байхдаа байлдааны пуужинг хувааж хийсэн онгоцонд усанд орж явлаа. Тэнд тоглолтын үеэр бид нар руу гал нээж байсан шүү. Харин дараагийн удаа очиход байдал арай тайван байсан (Инээв). Ерөнхийлөгч Нажибуллагийн ордонд уригдаж очдог өдөр миний төрсөн өдөр байж таарсан юм. Тэгээд Ерөнхийлөгч намайг тусгайлан тайзан дээр дуудаж, алтадсан цаг бэлэглэсэн. Түүнийг амь үрэгддэг өдөр цаг маань гэнэт гарнаас мултарч унан хагарч билээ. Өмнө нь зөндөө унагаж байсан ч цав ч гардаггүй байсан юм шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна