Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр ахиц гарч байна

Х.Есү
2025/09/22

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2025 оны III улирлын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй хүрэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын явцыг танилцууллаа.

Салбарын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар:

Нийт 5774 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэв;
233 иргэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саадгүй оролцов;
273 иргэн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авсан;
“Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий 818 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэв;
61 удаагийн сургалтаар 3630 албан хаагчийг, мөн дохионы хэлний сургалтаар 137 албан хаагчийг хамруулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам салбарын хэмжээнд хийсэн суурь судалгаанд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дунд хугацааны стратегийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, саадгүй нэвтрэх орчныг бүрэн хангах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна