Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 12.35 цагт УИХ-ын гишүүн Ч.Анар, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, П.Ганзориг, Б.Жаргалан, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Г.Очирбат, Л.Соронзонболд, Р.Сэддорж, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энх-Амгалан, М.Энхцэцэг, Д.Үүрийнтуяа нар ирж, 54.8 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа.
Хуулийн төслийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Тэрбээр, Өнөөдөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч эдийн засгийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, тогтвортой байдлыг хангах талаар нэгдсэн зохицуулалт бүхий хууль батлагдаагүй байна. Олон улсын туршлагаас харахад аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах, төрийн оролцоог хязгаарлах нь бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн төрийн оролцоог бууруулах нь зах зээлийн үр дүнтэй үйл ажиллагааг хангаж эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг дэмжих төдийгүй хөрөнгө оруулалт инновацыг дэмжих таатай орчныг бүрдүүлдэг байна. Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр Монгол Улс 2025 оны онд 176 улсаас 76 дугаар байранд эрэмбэлэгдэж, нарийвчилсан дэд үзүүлэлтийн оноогоор өмчийн эрх, төрийн зарчимт байдал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчид ээлтэй байдал зэрэг үзүүлэлтээр дунд, бага гэж үнэлэгдлээ хэмээн танилцуулав.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарт төвлөрсөн бүтэцтэй хэвээр байгаа бөгөөд 1990-2025 оны 2 дугаар улирал хүртэл хугацаанд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь нь уул уурхайн салбарт ногдож буй аж. Сүүлийн 10 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал жилд дунджаар 2.6 тэрбум ам.доллар байгаагийн 2.2 тэрбум ам.долларыг Оюу толгойн төсөл дангаараа бүрдүүлсэн боловч хөрөнгө оруулалтын буцаан төлөлтийн нөлөөгөөр цэвэр дүнгээр орж ирж буй хөрөнгө оруулалтын дүн 1 тэрбум ам.доллар хүрэхгүй байгаа хэмээн танилцуулгад дурдав.
Уул уурхайн болон уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгалын өсөлт буурч байгаа тул эдийн засгийн бүх салбарыг тэлж төрөлжүүлэх, салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зүй ёсны шаардлага үүсчээ. Иймд хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаж буй хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулсан хэмээв. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн зорилго нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, төрийн оролцоог багасгах, бизнес эрхлэх орчныг сайжруулахад чиглэгдсэн байна.
Хуулийн төсөлд эдийн засгийн эрх чөлөөг хангах үндсэн зарчмуудыг тусгаж, төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлжээ. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс бизнес эрхлэгчийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлөх, хориглох үйл ажиллагааг тодорхойлсон байна. Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгож орон тооны бус эдийн засгийн бодлогын зөвлөлийн чиг үүрэг болон төрийн бодлогын шийдвэр гаргалтад хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалтыг тусгасан байна.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдан хөрөнгө оруулалтыг татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуульд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах гомдлыг шуурхай барагдуулах зорилгоор Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн чиг үүргийг тодорхой болгож хөрөнгө оруулалтын баталгааг хангах хуулийн зохицуулалтыг сайжруулсан хэмээн танилцуулав.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвөөс нэмэлт зардал үүсгэх, шинэ бүтэц, орон тоо бий болгох зохицуулалт агуулагдаагүй гэлээ. Тус хууль батлагдсанаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн эдийн засгийн эрх чөлөө хангагдаж, төрийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагаа дахь оролцоо, сөрөг нөлөөлөл буурч, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Дараа нь Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо татан буугдаж, эрхлэх асуудлуудыг Эдийн засгийн байнгын хорооны харьяанд шилжүүлсэн гэдгийг тодотгов. Тухайн үед эдгээр байнгын хороодын тогтоолоор байгуулагдаж байсан ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа дуусгавар болгож байгаа тухай албан бичгээ Байнгын хороонд ирүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан хоёр ажлын хэсэг УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар удирдамжид тусгагдсан гэлээ. Иймээс эдгээр ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг дуусгавар болгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа.
Уг тогтоолын төсөлд Аж үйлдвэржилтийн байнгын хорооны 2024 оны 01, 04, 11, 2025 оны 06, 07, 11 дүгээр тогтоол, Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны 05 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 06, 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгохоор тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Мөн хуралдаанаар “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан.
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 435 дугаар захирамжаар уг тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс Үндсэн чиглэлд тусгасан улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн гол зорилт, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах хүрээнд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас багагүй түвшинд хадгалах, инфляцыг зорилтот интервалд тогтворжуулах, эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляцыг 5 хувьд хязгаарлах, ядуурлыг 15 хувь хүртэл бууруулах, түүнчлэн төсвийн урсгал зардал, алдагдлыг бууруулах зорилтуудыг холбогдох эрх бүхий байгууллагууд онцгойлон анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахлан ажилласан юм.
Иймд Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн, Дэлхийн томоохон гүрнүүдийн худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнээр тодорхой бус байдлын индекс 2008 оны санхүүгийн хямралаас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Гадаад орчны энэхүү нөхцөл байдлын улмаас экспортод түшиглэдэг болон уул уурхайн салбараас өндөр хамааралтай улсуудад экспорт саарч, төсвийн орлого буурах эрсдэлүүд бий болоод байна. Иймд улс орнууд зардлыг дахин хуваарилах замаар өрхийн орлогыг хамгаалах, дотоодын эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого руу шилжиж эхэлсэн. Монгол Улсад уул уурхайн салбарын өсөлт саарч, бүтээмж өндөртэй салбаруудад хөдөлмөр эрхлэлт буурч, өрхийн бодит орлого, хэрэглээ, худалдан авалтын идэвхжил суларсан хандлага ажиглагдаж эхэллээ. Мөн гадаадын болон төсвийн хөрөнгө оруулалт буурч эдийн засгийн идэвхжил суларснаар эдийн засгийн өсөлт потенциал түвшиндээ хүрэхгүй байна.
Монгол Улсын эдийн засагт тулгамдаж буй гол сорилтын нэг нь инфляцын дарамт байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны 10 дугаар сарын байдлаар инфляц 9.2 хувьтай гарч, Монголбанкны зорилтот түвшин болох 4–8 хувийн интервалаас давжээ.
2025 оны 10 дугаар сарын байдлаар ердөө 33 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн өсөлт нийт инфляцын 72 хувийг бүрдүүлж байгаа нь инфляцын төвлөрөл өндөр байгааг илтгэж байна.
Үүний зэрэгцээ өрхийн бодит орлогын өсөлт саарч, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил сулрах хандлага ажиглагдаж байгаа нь эдийн засгийн өсөлт, инфляцын уялдаанд бодлогын нарийн тэнцвэр шаардлагатайг харуулж байна.
Иймд инфляц 2025 онд дунджаар зорилтот түвшнээс өндөр байх хүлээлттэй байгаа ч дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул Засгийн газарт дараах чиглэлийг өгөхөөр төсөлд тусгалаа хэмээн танилцуулав. Үүнд:
· төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх;
· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэхүйц тээвэртэй холбоотой аливаа нэмэлт зохицуулалт, шийдвэр гаргахгүй байх;
· хилийн боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, төр өөрт байгаа мэдээллийг давхардуулан шаардахгүй байх, нэвтрэх хугацааг богиносгох замаар тээврийн зардлыг бууруулах, тээвэр, логистикийн саатлаас шалтгаалан импортын барааны үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх;
· уул уурхайн салбарын өсөлтөөс үүдсэн төсвийн хэт тэлэлтээс хамгаалах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чангатгах, уул уурхайн салбарын өсөлтөөс бий болсон нэмэлт орлогыг хуримтлуулах, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч дэд бүтэц, боловсрол, технологи зэрэг бусад боломжит салбарт хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх;
· барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан, эсхүл нарийн технологи шаардсанаас бусад төрөөс хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн худалдан авалт, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, шаардлагатай тохиолдолд дээрх чиглэлээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх;
· эмийн зохицуулалтын төлөвшлийн түвшин өндөртэй улсуудаас чанартай эмийг бөөнөөр худалдан авч, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эмийн үнийг бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалтыг хялбаршуулж, үнийн өсөлтөд хяналт тавих;
· инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг үе шаттайгаар чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан бүх төрлийн төрийн зохицуулалтуудыг хялбаршуулах;
· төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр төсөлд дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар өрхийн орлогыг хамгаалах хэмээн тусгажээ.
Төв банк, Санхүүгийн зохицуулах хороонд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгахаар төсөлд тусгасан байна. Үүнд:
· өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлээр мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
· банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах;
· хөнгөлөлттэй ипотекийн зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилгоор зорилтот бүлэгт чиглүүлэх, эх үүсвэрийн бодит өртөг, зах зээлийн зарчимд нийцүүлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
· банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй зохицуулалт бүхий баримт бичгийг цуцалж, хүнд суртлаас чөлөөлөх;
· банк, банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн харилцан хамаарал бүхий этгээдээр дамжуулан хууль бусаар лизинг, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдлийг таслан зогсоох, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг авахыг даалгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна