УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ асуудлыг хэлэлцэж эхэллээ.
ҮХЦ-ийн дүгнэлтийг О.Мөнхсайхан, уг шийдвэртэй танилцсан ТББХ-ны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцэд “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх хугацааг гурав хоногийн дараа эхлэн арав хоногийн дотор буюу 7 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн..." саналыг тавьснаас хойш арав хоногийн дотор буюу гурав хоногийн дотор шийдвэрлэхээр заасан нь тус асуудлыг хэлэлцэх хугацааг дөрөв хоногоор багасгасан байна. Иймд тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол очсон байдаг.
Үндсэн хуулийн цэц хэлэлцээд,
-1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “..хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэж заасанд нийцээгүй байна.
2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш. ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй байна.
3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн...” гэж, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай" гэсэн шийдвэр гаргасан юм.
Харин 2026 оны ҮХЦийн дүгнэлтэд ҮХЦ шүүхийн харъяаллыг тогтоож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар гаргасан дүгнэлт юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна