Х.Нямбаатар: 2023 онд Туулын хурдны замын зураг, төсөв, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ бүгд батлагдсан

Х.Батсайхан
3 цаг 14 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Туулын хурдны замын төсвийн зориулалтын талаар өнөөдөр /2026.04.01/ хэвлэлд мэдээлэл өглөө.


Тэрбээр “Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах асуудал 2008 оноос яригдаж суурь судалгаа хийгдэж эхэлсэн. 

2013, 2014 онд байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээ хийгдэж, зураг төсөв боловсруулах, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил эхэлсэн. Энэ ажил замдаа хэд, хэдэн удаа шинэчлэгдсэн. 

Хамгийн сүүлд С.Бямбацогт сайдыг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед буюу 2023 онд Туулын хурдны замын зураг, төсөв, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ бүгд батлагдсан.

Энэ үед одоогийнх шиг яг трассаараа 33 км, 1.2 км гүүрэн байгууламжтай, долоон орц гарцтай, дөрвөн эгнээ зам 480 сая ам.долларын төсөвт өртөгтэйгөөр батлагдсан. Энэ зураг төсөв Засгийн газрын шийдвэрээр хот дээр ирсний дараа бид “Шинэчлэх шаардлагатай байна” гэдгийг Засаг даргын дэргэдэх зөвлөлөөрөө ярьсан. 

Яагаад гэвэл, Улаанбаатарын яг төв дундуур урсаж байгаа Туул голын трассыг үндсэндээ дандаа шороон далан дээр сурилж уюу 21 метр өндөр шороон далангаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд тал, Ривер гарден, Зайсан, Яармаг орчим тэр чигтээ шороон далантай буюу АСЕМ виллагийн тэнд байдаг шиг төлөвлөсөн байсныг Улаанбаатар хотын хоёр хуваахаар байна гэж үзсэн.

Мөн 325.000 байсан автомашины тоо 800.000 болсонтой холбоотойгоор шинэчилж, уг зураг төсвийг хийсэн “Эм Си Пи Си” гэдэг компаниар дуусгуулах гэж байх үед Б.Дэлгэрсайхан сайд уг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Ингээд Улаанбаатар хотын зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ ажиллаж дуусгасан. Ингэхдээ дөрвөн эгнээг зургаан эгнээ, 1.2 км гүүрэн байгууламжийг 10 км болгож өөрчилсөн. Үүний төсөвт өртөг нь 2,385 тэрбум төгрөг гэж гарсан. Тендерт шалгарсан компани 2.3 их наяд төгрөг санал болгож шалгарсан.

Энэ мөнгөний хоёр их наяд нь цэвэр замын бүтээн байгуулалтын төсөвт өртөг. 300 тэрбум орчим нь захиалагчийн хяналт тавих болон магадгүй ажлын зардал. Хоёр их наядын нэг их наяд нь зургаан эгнээ, 10 км, долоон орц гарц бүхий гүүрэн байгууламжийн өртөг. Үлдсэн нэг их наяд нь 23 км, 6 эгнээ, шороон далан бүхий, долоон орц гарцтай авто замын төсөв.

Энэ зам баригдчихвэл маш олон хүний атаархал төрнө. Улаанбаатар хот түгжрэлээ шийдчихвэл Ардилсан нам ашиггүй. Нэр бүхий улстөрчид ашиггүй. Тийм учраас элдэв гүтгэлэг явуулж байгаа юм.

Байгаль орчны нөлөөлийн үнэлгээ миний ширээн дээр бэлнээрээ байна. Бүгд гарын үсэг зурсан. Төлөв байдлын үнэлгээ гэдэг дээр зурсан, зураагүй гээд байгаа бол, төлөв байдлын үнэлгээ гэдэг бол энүүгээр зам барих уу яах вэ гэдэг эхний суурь судалгаа байхгүй юу. Түүн дээр өөрсдөө зурчихаад, цалин хөлс дээрээ маргаад, нийгэмд сенсаац дэгдэхээр дагаж явж байгаа.

Өчигдөр би Монгол Улсын үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхээ л эдэлсэн. Миний тэр эрх алга болчихоогүй байгаа гэж бодож байна” гэв.   




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.91
    28 минутын өмнө

    одоо болио хөгшөөн, түгжрэлд яаж ч бодсон нөлөөлөхгүй ийм замыг ганц ундны усны эх үүсвэр эрсдэлд оруулан барих шаардлага байхгүй. Тэрний оронд хотын төвийн уулзваруудаа давхар болго, эсвэл монорэйл байгуул

    Хариулах