Сарны тойрог замд орж нисэх зорилготой "Артемис II" хөлөг өнөө орой сарны ард орж дэлхийгээс бүрэн холбоо тасрах талаар бид өглөө мэдээлсэн. 40 гаруй минут үргэлжлэх энэ холбоо тасралт дуусаж, дэлхийтэй эргэн холбогдох үед "Артемис II" хөлгийн багийнханд 1968 онд "Аполлон 8" хөлгийн багийнхны авч байсан "Мандаж буй дэлхий" хэмээх алдартай гэрэл зургийг дахин дарах боломж гарах юм. Бид та бүхэндээ энэ түүхэн боломжийн өмнө "Мандаж буй дэлхий" гэж ямар зураг, яагаад алдаршсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Мандаж буй дэлхий
Мандаж буй дэлхий хэмээн нэрлэгдсэн эл зураг нь байгаль орчны сэдэвтэй хамгийн алдартай бүтээлийн нэг юм. Зурагт галт уулын өрх, гуу жалгаар дүүрэн сарны хөндий дээгүүр дагуулынхаа сүүдрээс аажимхан мандан гарч ирж буй дэлхийн дүрс буужээ. АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төв 1968 онд сарыг судлах зорилгоор Аполлон-8 хөлгийг хөөргөжээ. Нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтаж явсан Уильям Андерс гэгч сансрын нисгэгч энэ гайхалтай зургийг авчээ. Сонирхолтой нь хөлгийн багийн хийж гүйцэтгэх ёстой ажлын төлөвлөгөөнд сарны тойрог замаас дэлхийн гэрэл зургийг авах ажил байгаагүй гэдэг.

Б.Андерс.
Зураг 1968 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр дарагджээ. Одоо бараг хүн бүхний мэдэх гайхамшигт дүр зургийг хөлгийн багийг ахалж явсан Фрэнк Борман анх олж харсан гэдэг. Тэрбээр хар цагаан хальсаар энэ гайхалтай агшны зургийг эхлээд авсан юм. Зураг мэндлэх агшин хөлгийн дуу хураагуурт дараах байдлаар бичигдэн үлджээ.
Борман: Өө бурхан минь! Энэ зургийг хараач. Дэлхий дээшээ мандаж байна шүү дээ. Үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз.
Андерс: Хөөе, хэрэггүй юм биш үү. Ажлын төлөвлөөнд ороогүй шүү дээ.
Борман /инээж/: Жим, чамд өнгөт хальс байгаа юу?
Андерс: За алив, надад нэг ороомог өнгөт хальс аваад ир...

Андерс “Хэрэггүй юм биш үү, ажлын төлөвлөгөөнд ороогүй шүү дээ” гэдэг үгийг нэлээд шийдэмгий хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Борман хөлгийн багийг ахлаагүй бол ертөнцийн нэгэн гоо сайхныг хүмүүс үзэж чадахааргүй болох байжээ. Зургийг Борманы тушаалаар өнгөт хальсаар У.Андерс анх авсан бөгөөд дараа нь багийн өөр нэгэн гишүүн Ловелл хоёр кадр дарсан байна. Энэ зургийг 1979 онд АНУ-ын Шуудан харилцааны газар марк болгон хэвлэжээ.

Б.Андерс, Ж.Ловелл, Ф.Борман.
Байгалийн гэрэл зураг авдаг хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Гален Родуэл “Мандаж буй дэлхий” зургийг "Хүрээлэн буй орчны чиглэлээр авагдсан хамгийн чухал ач холбогдолтой гэрэл зураг" хэмээн үнэлсэн байдаг. Өөр бусад судлаачид байгаль хамгаалах хөдөлгөөнийг чухам энэ гэрэл зурагнаас үүдэлтэй гэж нотлохыг ч оролддог юм.
Дашрамд, Монголын анхны, бас одоогоор цорын ганц сансрын нисэгч Ж.Гүүрэгчаа "Союз 39" хөлгөөр аялж ирээд "Дэлхий минь боддог шиг тийм ч том биш юм байна, бүгдээрээ дэлхий ээжээ хайрлах ёстой юм байна" гэсэн утгатай үг хэлсэн байдаг бөгөөд дэлхийг гаднаас нь толдон харсан хүнд л төрөх энэ сэтгэгдлийг "Мандаж буй дэлхий" зураг хүн төрөлхтөнд өгдөгт гол гайхамшиг нь оршдог болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна